Цахилгаан машиныг зогсоолын төлбөр, татваруудаас чөлөөлөх санал тавьжээ

2025 онд бүрэн цахилгаан автомашины хэрэглээг 20 хувь хүртэл, 2030 онд 30 хувь хүртэл хүргэх зорилтыг тавьж, БОАЖЯ-аас холбогдох байгууллагуудад хамтран хэрэгжүүлэхийг уриалаад байна.

Тус яамны дэд сайд М.Ганбаатар, тус яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх, мэргэжилтэн Ц. Мөнхбат нар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан болон, холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж, цахилгаан автомашиныг хэрэглээнд нэвтрүүлэх тухай уулзаж, санал солилцжээ.

Уулзалтаар нийслэл болон томоохон төв суурин газарт “Нийтийн эзэмшлийн зам талбайд цахилгаан машин байрлуулбал зогсоолын төлбөрөөс хөнгөлж, чөлөөлөх, Улаанбаатарын тодорхой байршил бүхий авто зогсоолууд, шатахуун түгээх станцуудыг түшиглэн цахилгаан автомашины цэнэглэх станц байгуулах асуудлаар санал солилцож, хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо.

Уулзалтын үр дүнд хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон. Тус ажлын хэсэг цахилгаан автомашины түргэн цэнэглэгчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, цахилгаан тэжээлт автомашиныг онцгой албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх, нийслэл болон бусад томоохон төв суурин газарт цахилгаан тэжээлт автомашины түргэн цэцэглэгчийг нэмэх зэрэг олон талт асуудлыг холбогдох Төрийн байгууллагын хамтын оролцоотой судлан, тодорхой шийдлүүдийг гарган УИХ, Засгийн газарт хүргүүлж ажиллах юм байна.