Монгол Улсад бүртгэлгүй витамин, эмийг хилээр нэвтрүүлэх боломжгүй

Гаалийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ГЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа "Гаалийн байгууллага биологийн идэвхт бүтээгдэхүүн буюу витаминыг оруулахгүй байна гэх асуудал яригдаж байна.

Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хууль гэсэн хоёр хууль хоорондын зөрчлийг арилгах шаардлагатай байгаа ба үүнийг УИХ хийдэг. Аль нэг хуулийг хүчингүй болгож, хүчинтэй хуулиа дагаж мөрдөх ёстой юм. Дээрх хоёр хуулийн заалтын зөрчлийг арилгах санал санаачилгыг гаргаж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт ГЕГ-аас албан тоот хүргүүлсэн.   Витаминыг хил нэвтрүүлэх үед тусгай зөвшөөрөл авсан эсэх, аваагүй бол хориглох эсвэл зөвшөөрлийн тухай хуульд зааснаар хориглохгүйгээр хил нэвтрүүлэх үү гэдэг асуудлаар хандсан, хариу хүлээж байна.

Иргэд хувийн хэрэглээнд витаминыг захиалж авч болох уу гэдэг асуудал үүсдэг ба хил дээр энэ төрлийн асуудал их гардаг.

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ хуулийн 22-р зүйлд заасан шаардлагыг тавьж байна. Өөрөөр хэлбэл бүртгэл хийгдээгүй бол хилээр нэвтрүүлэх боломжгүй.

15.9.Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход дараах зүйлийг хориглоно:

15.9.1.эм, эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлэхээр тогтоосон хилийн боомтоос өөр боомтоор эм, эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлэх;

15.9.2."Монгол Улсад үйлдвэрлэв" гэсэн шошго, стандартын дугаартай эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох;

15.9.3.тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох.

22.1.Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг энэ хуулийн 22.7-д зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Хэрэв бүртгэлгүй эм, витамин, биологийн идэвхт бүтээгдэхүүн оруулж ирснээс үүдэн иргэн эрүүл мэндээрээ хохирсон байх эрсдэлтэй тул Гаалийн байгууллагаас үүнд хяналтаа тавих үүрэгтэй, хар тамхи мансууруулах бодисын найрлагатай байх вий,  иргэдийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёр хуулийн хооронд үүссэн зөрчлийн залруулга удахгүй хийгдэх байх" гэлээ.