Японы аялал жуулчлалын визийг цахимаар мэдүүлнэ

Аялал жуулчлалын зорилгоор Япон улс руу зорчих иргэдийн визийн мэдүүлгийг өнөөдрөөс цахимаар хүлээн авч, цахим виз олгож эхэлнэ. Тодруулбал Японы ЭСЯ визийн мэдүүлгийг урьдчилсан байдлаар хүлээн авах ба шаардлагатай материал бүрэн эсэхийг нягталж үзсэний дараагаар албан ёсоор хүлээн авсанд тооцох юм. Харин виз мэдүүлгийн материал дутуу тохиолдолд бүртгүүлсэн гар утасны дугаар, эсвэл цахим шуудангаар холбогдоно. Мөн виз мэдүүлгийн материалыг албан ёсоор хүлээн авсан нь тодорхой болсны дараа материалтай нарийн танилцана.  Материал хүлээн авснаас хойш ойролцоогоор ажлын 4 хоногт багтаан виз мэдүүлгийн хариу болон хураамжаа төлөх тухай цахим шууданг илгээнэ. Түүнчлэн виз мэдүүлгийн материалтай танилцах шалгалтын явцад шаардлагаас хамаарч тухайн виз мэдүүлэгчийг ЭСЯ-д биечлэн ирж ярилцлагад орохыг шаардах тохиолдол гарч болзошгүй гэлээ. Харин виз олгохоос татгалзсан хариу гарсан тохиолдолд хариуг цахим шуудангаар илгээх бөгөөд татгалзсан шалтгааны талаар тайлбар хийхгүй гэдгийг Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээлж байна.