УИХ-ын чуулганы хуралдаанаар өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтээр бүрэн эрхээс нь чөлөөллөө. Ингэснээр Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлагатай болсон юм. УИХ дахь МАН-ын бүлэг Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгох нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс Халдашгүй байдлын дэд хороог өнөөдөр хуралдуулж Н.Энхболдыг дэд хорооны даргаас нь чөлөөлж, түүний оронд Ц.Мөнх-Оргил гишүүнийг дэд хорооны даргаар сонгов.
Н.Энхболд гишүүн нь УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм. Тиймээс түүнийг Төрийн байгуулалтын байнгын даргаар ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн бололтой. Н.Энхболд гишүүний ахалж буй ажлын хэсэг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслөө боловсруулж саналыг нь авахаар Засгийн газарт илгээгээд байгаа юм.