Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны Механик инженерийн сургуулийн уулзвар, Энгельсийн гудамж болон Баянгол дүүргийн 20 дугаар хороо Ажилчдын гудамж, Хөсөг трейдийн уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгөөн зохицуулалт хийхээр болжээ.
Хотын төвийн хөдөлгөөнийг задлах гол уулзвар нь Механик инженерийн сургуулийн уулзвар бөгөөд оргил ачааллын үед тус уулзвараар урагш чиглэлд зорчих хөдөлгөөн их байдаг. Тус уулзварын хойноос урагш чиглэлд цагт 2000 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс 34.3 хувь нь буцаж эргэн, 15.4 хувь нь зүүн эргэж, 12.7 хувь нь баруун эргэсэн бол 37.6 хувь нь чигээрээ явсан судалгааны үр дүн гарчээ. Ийм учраас Нарны гүүрнээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэж, гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн байна. Ингэснээр Нарны гүүрний хойноос урагш чиглэлийн нэвтрүүлэх чадвар 29.9 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.
Харин Ажилчны гудамж Хөсөг трейдийн уулзвар өглөөдөө хойноос урагш чиглэсэн хөдөлгөөн ихтэйгээс уулзвар дээр эмх замбараагүй байдал үүсэж, Энхтайваны өргөн чөлөө Саппорогийн урд уулзвар ачаалал авч, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн, зүүнээс баруун явах хөдөлгөөнд саад учруулдаг. Оргил ачааллын үеэр тус уулзварыг цагт 3882 машин нэвтэрдэг. Иймээс тус уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд оруулан зохицуулалт хийснээр Хөсөг трейдийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 34.1 хувиар нэмэгдэж, ТЭЦ-4-ийн зам буюу Эрчим хүчний гудамжны баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн хүлээлт багасна. Мөн Говийн зам зүүнээс баруун чиглэлдээ ачаалал үүсэх нь багасаж, Ажилчны гудамжны хөдөлгөөний эрчим сайжирна.