Ши, Путин нар хоёр улсын худалдааны хэмжээг 2030 он хүртэл эрс өсгөхөөр тохиролцов

БНХАУ-ын төрийн тэргүүний ОХУ-ын нийслэл Москва хотод хийсэн гурван өдрийн айлчлал өнөөдөр өндөрлөж байна.

Мягмар гарагт Ши Жиньпин, Владимир Путин нар хоёр улсын аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцэж, эцэст нь 2030 он хүртэл хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх тохиролцоонд хүрсэн юм.

Мөн Хятадын юанийг олон улсын валют болгох, Украины хямралыг энхийн замаар зохицуулахад хамтран ажиллахаар болсноо зарлажээ.

Талууд электрон худалдаа, нэгдсэн ложистикийн системийг хамтран хөгжүүлэх, банк санхүү, эрчим хүч, технологи, аж үйлдвэр, хүнсний аюулгүй байдлын салбарт ажиллахаар болсныг хамтарсан мэдэгдэлд онцолсон байна.

Бас 4,300 км үргэлжилдэг хил залгаа бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцжээ. Өмнө нь Оросын тал хүн ам сийрэг суудаг Сибирийн бүс нутагт Хятадын нөлөө нэмэгдэхээс болгоомжилж, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаанд хойрго ханддаг байсан юм.

Хоёр улсын худалдаа эргэлт 2022 онд 34.3 хувиар өсөж $189.5 тэрбумд хүрсэн нь түүхэн дээд хэмжээ болжээ. Тэгвэл Хятад, Оросын удирдагчид 2024 онд энэ хэмжээг $200 тэрбумд хүргэж, цаашдаа 2030 он хүртэл үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.

Украины дайнтай холбоотой Өрнөдийн эдийн засгийн хоригийн улмаас Оросын эдийн засаг Хятад улсаас улам бүр хамааралтай болж байгаа.

Тухайлбал 2023 оны эхний хоёр сарын хугацаанд Оросоос Хятадад гаргасан экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 20 хувиар өссөн байна.

“Бид Хятадын юанийг Орос болон Ази, Африк, Латин Америкийн орнуудын хоорондын худалдаанд түлхүү ашиглахаар тохиролцлоо” гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Хоёр улс олон жилийн өмнөөс Америк долларын нөлөөг дэлхийн зах зээлд сулруулахыг хичээж байгаа. Өнөөдөр хоёр улсын худалдааны гуравны хоёр нь юаниар хэрэгжиж байгааг Путин энэ үеэр мэдэгджээ. Гэхдээ үүний гол шалтгаан нь Өрнөдийн орнуудын хориг арга хэмжээ гэж ажиглагчид үзэж байна.

Тухайлбал 2022 оны эхээр Оросын экспортын төлбөрийн 50 гаруй хувь Америк доллароор гүйцэтгэгдэж байжээ.

Харин өнгөрсөн оны есдүгээр сард энэ хэмжээ 35 хувь болж буурсан байна. Хятадын эрх баригчид юанийг дэлхийн хэмжээний валют болгохыг хичээж байгаа ч хаалттай байдал, төрийн хяналт, улс төрийн эрсдэл зэрэг нь үүнд саад болдог.

Олон Улсын Валютын Сангийн гаргасан мэдээллээр бол 2022 оны гуравдугаар улирлын байдлаар дэлхий дахины валютын нөөцийн 60 орчим хувь Америк доллар байжээ. Дараа нь евро 20 хувьтай байсан бол юань ердөө 3 хувь байна.

2030 онд энэ хэмжээ 5-10 хувьд хүрнэ гэж Morgan Stanley 2020 онд тооцоолсон байдаг.

Хятадын засгийн газраас өнгөрсөн сард дэвшүүлсэн Украинд энх тайван тогтоох 12 зүйлтэй саналыг дэмжиж ажиллахаа Путин өчигдөр мэдэгджээ.

“Харамсалтай нь бид нөгөө тал яриа хэлэлцээ хийхэд бэлэн бус байгааг харж байна. Өрнөдийнхөн сүүлчийн Украин хүнийг үлдэх хүртэл Оростой тулалдахаар шийдсэн мэт харагдаж байгаа. Энэ нь нэгэнт үг биш, үйлдэл болоод байна. Хэрвээ үнэхээр тэгж шийдсэн бол Орос улс адилхан арга хэмжээ авах болно. Өрнөдийн холбоотнууд хэдийнээ цөмийн бүрэлдэхүүн хэсэгтэй зэвсгийг ашиглаад эхэлснийг би энд хэлмээр байна” гэж тэр мэдэгдсэн юм.

Тэрбээр Орос, Хятад улсууд адилхан “ардчилсан, олон туйлт дэлхийн дэг журам” тогтоох зарчимд тулгуурласан тус тусын гадаад бодлогоо хэрэгжүүлэх тухай мэдэгджээ. Хоёр улс батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар мэдэгдсэн ч Өрнөдийнхний болгоомжилж, анхааруулж байсан Хятадаас Орост зэр зэвсэг нийлүүлэх асуудал хөндөгдсөнгүй өнгөрлөө.

Өчигдөр Ши Жиньпин ОХУ-ын ерөнхий сайд Михайл Мишустинийг танхимын сайд нарынх нь хамт хүлээж авч уулзахдаа Путинийг энэ онд болох Зам ба Бүс төслийн чуулганд оролцохыг урьснаа хэлсэн байна.

Путин хамгийн сүүлд Украины дайн эхлэхээс гурван долоо хоногийн өмнө 2022 оны хоёрдугаар сард Бээжинд айлчилж байсан юм. Путин, Ши нар өнгөрсөн хугацаанд нийтдээ 40 гаруй удаа уулзжээ.

Ши Жиньпиний айлчлал өнөөдөр өглөө өндөрлөж, нутаг буцах юм.

Эх сурвалж: iKon.mn