Монголын Сагсан бөмбөгийн Холбооны Үндэсний Дээд лигийн 2022-23 оны улирлын шилдгүүдийг тодруулах үйл ажиллагаа өчигдөр боллоо.
Улирлын үнэ цэнтэй тоглогч буюу MVP-ээр Т.Санчир тодорлоо. Тэрээр сагсан бөмбөгийн замналдаа үндэсний дээд лигийн улирлын MVP шагналаа тав дахь хүртэв.
Харин энэ улирлаас эхлэн өгч буй улирлын шилдэг гадаад тоглогч шагналын эзнээр Эрдэнэт Майнерс багийн Пендарвис Уиллиамс тодорчээ.
Эрэгтэй Дээд лигийн улирлын шилдэг дасгалжуулагч Эрдэнэт Майнерс багийн ахлах дасгалжуулагч Грек эрхэм Фрагиас Василиус, шилдэг зургаа дахь тоглогч М Гарьд багийн довтлогч Д.Дөлгөөнмөрөн, шилдэг шинэ тоглогч Налайх Бизон багийн холбогч Э.Тулга, улирлын шилдэг хамгаалан тоглогч Хасын Хүлэгүүд багийн хамгаалагч Т.Мэндбаяр нар тус тус нэрлэгдлээ.
Эмэгтэй лигийн шилдэг зургаа дахь тоглогчоор Эрдэнэт Майнерс багийн хамгаалагч У.Содцэцэцэг, шилдэг гадаад тоглогчоор Отгонтэнгэрийн Шилүүснүүд багийн легионер тамирчин Кристал Томас, шилдэг хамгаалан тоглогчоор М Гарьд багийн холбогч Ө.Индра, шилдэг дасгалжуулагчаар улиралд 8-2 амжилттай хүснэгтийг тэргүүлж дуусгасан Улаанбаатар Амазонс багийн ахлах дасгалжуулагч Д.Лхагваа нар тус тус тодорсон байна. Харин эмэгтэй Үндэсний Дээд лигийн хамгийн үнэ цэнтэй тоглогч буюу MVP-ээр Улаанбаатар Амазонс багийн довтлогч Б.Ариунцэцэг тодорлоо. Тэрээр 22 насандаа улирлын үнэ цэнтэй тоглогч болж байна.
Улирлын шилдгүүдийг хувь тоглогчийн статистик үзүүлэлт, багийн амжилт, багийн дасгалжуулагчид болон менежерүүдийн саналууд дээр үндэслэн тодруулсан байна.