Цагдаагийн байгууллагаас гурван настай хүү зодуулж, ухаангүй байгаа гэх хэргийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "2023 оны гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны дугаар тоотод гурван настай, эрэгтэй Б нь бусдад зодуулан гуравдугаар сарын 8-ны 09:40 цагийн орчимд ГССҮТ-д ухаангүй байдалтай ирж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Шалгалтын явцад Л-ийн хамтран амьдрагч Э нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай Б-г зодсон байж болзошгүй байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Гурван настай хүүг төрсөн эх Л түүний хамтран амьдрагч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна.
Л-ийн хамтран амьдрагч Э нь хүүг эмнэлэгт хүргэсний дараа зугтсаныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон хойшлуулшгүйгээр баривчлан цагдан хорих арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Эмнэлгийн байгууллагаас хохирогч хүүгийн биеийн байдал хүнд, одоогоор ухаангүй эмчлэгдэж байгаа талаар мэдээлэл өгсөн. Цагдаагийн байгууллагаас гэмтлийн зэргийг тогтоохоор шинжээч эмчийг ажиллуулж байна.
Яллагдагч Э нь өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл эдэлж байсан.
Одоо тус хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1, 12.1.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорт хүргүүлээд байна" гэв.
Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад зургаа, гурван настай хүүхдийг холбогдогч Э гэртээ харж байхдаа үйлдсэн талаар мэдүүлсэн байна.
Хохирогч Б-ийн эх Л энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй нуун дарагдуулсан нь шалгалтын явцад тогтоогдсон.
Гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө тухайн хэрэг болсон. Энэ хугацаанд эмнэлгийн болон цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй байж байгаад 8-ны өдөр ГССҮТ-д хүргэж өгөөд Э нь зугтсаныг баривчлаад байна.
Л нь холбогдогч Э-тэй 2023 оны нэгдүгээр сараас эхлэн хамтран амьдарч байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Холбогдогч Э нь өмнө нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр ял шийтгэл эдэлж байсан.
Хохирогч гурван настай Б-ийн биед шинжээч эмч үзлэг хийхэд мөч дээрээ 4-5 хоносон цус хуралттай, шулуун гэдэсний хэсэгт хавагнаж, цус хурсан шинэ гэмтэлтэй, гавал, тархинд цусан хураа үүссэн, хүзүүний гуравдугаар нугалам хугаралтай болохыг мэдээлээд байна.
Шинжээч эмчийн дүгнэлт гарна. Энэ хэрэгт холбогдох шалгалтыг явуулж байгаа учир прокурорын зөвшөөрөлтэйгөөр мэдээллийг өгч байна.
Хохирогч 3 настай хүүгийн ах 6 настай хүүхэд эмээ, өвөөгийндөө аюулгүй газарт байгаа.