Festival International des Cinemas d'Asie de Vesoul наадам 1995 оноос хойш зохиогдож байгаа бөгөөд Азийн киноны шилдгийг шалгаруулдаг Европын хамгийн том кино наадам юм. Жил бүр 30 мянга гаруй үзэгчдэд долоон төрлөөр 90 шахам киног сонирхуулдаг энэ наадамд 12 шагнал гардуулдгийн тэргүүн нь болох “Cyclo d'or” буюу “Алтан дугуй” шагналыг “Худалдагч охин” кино хүртлээ.
Энэ тухай телевизийн France3 суваг мэдээлэхдээ, "... Хятад, Вьетнам, Азербайжан зэрэг шалгарч үлдсэн есөн улсын киноноос олон улсын шүүгчдийн санал нэгтэйгээр "Худалдагч охин" кино тэргүүн шагналыг хүртлээ. Тэргүүн шагнал хүртсэн найруулагч Жанчивдоржийн Сэнгэдорж “Энэ бол Монголын кино урлагт үзүүлсэн хүндэтгэл, нэр төрийн хэрэг юм” хэмээн талархлаа илэрхийлэв" хэмээн онцолжээ.
Эх сурвалж: Парис дахь Монгол Улсын ЭСЯ