2023 оноос хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн “Авилгатай тэмцэх жил”-ийн хүрээнд авч хэрэгжүүлэх “Шүгэл” ажиллагааны талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээллээ.
Тэрээр "Авлига бол манай улсын тулгамдсан асуудлуудын нэг. Бид авлагитай тэмцэхгүй байснаар цөөн хэсэг бүлэг хүмүүст давуу эрхийг олгож байна. Ийм шударга бус тогтолцоог халахын тулд АТГ-ын үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах шаардлагатай.
Шүгэл ажиллагааг иргэд олон нийттэй хамтран зохион байгуулахаар ажлын хэсгийг гаргасан. Иргэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, сэтгүүлчидтэй хамтарч ажиллана. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн тодорхой мэдээлэл ирсэн бол бид нээлттэй байх болно.Шүгэл ажиллагааны хүрээнд иргэдийг ажлын хэсгийнхэнтэй хамтарч ажиллахыг уриалж байна. Иргэдээс авлигын эсрэг шүгэл үлээгчийн мэдээллийг 1111 төв болон E-Mongolia, шүгэл ажиллагаа нэртэй сошиал хуудас, шуудангийн салбар, ажлын хэсгийн гишүүдийн нэр дээр хаягласан баримт бичгүүдийг хүлээн авах боломжтой. 1111 төвд долоо хоногийн Баасан гараг бүрд шүгэл ажиллагааны талаар мэдээлэхийг хүссэн иргэдтэй 09:00-12:00 цагийн хооронд уулзалт зохион байгуулна. Мэдээлэл авах эхний арга хэмжээ маргааш буюу гуравдугаар сарын 10-нд болно" гэлээ.
Шүгэл ажиллагааны ажлын хэсгийг ХЗДХ-ын сайд Б.Солонгоо ахалж, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, ХХААХҮ-ын дэд сайд М.Ганхүлэг, ЗГХЭГ-ын дарга бөгөөд ЗГХХГ-ын дарга Б.Баасандорж, МУ-ын ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, Авлигатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул тэргүүтэй гишүүд ажиллана. Шүгэл ажиллагааны ажлын хэсэг байгуулагдсанаар авлигатай тэмцэх үйл ажиллагааг үр дүнтэй болгох, төрийн албаны анхан дунд шатны хүнд суртлыг арилгах, таслан зогсоох, иргэд хувийн хэвшлийг чирэгдүүлж, авлига үүсэх нөхцөлийг бүрдүүлж байгаа үйл ажиллагааны талаар чиг үүргийн дүгнэлт гаргаж ажиллахаар болжээ.