III сард Монгол Улс 40 мянган жуулчин хүлээн авах зорилт тавиад байна.
Олон улсын нислэгийн давтамжийг нэмэх чиглэлээр дөрөвдүгээр сараас эхлэн БНСУ-ын агаарын тээврийн хоёр компани шууд нислэг үйлдэхээр болсныг Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд мэдээллээ. Эдгээр компаниуд Сөүл-Улаанбаатар чиглэлд хоёр талдаа нэг сая хүрэхгүй төгрөгийн үнэ санал болгож байсан байна.
Монголоос “Areo Mongolia” компани БНСУ руу нислэг үйлдэх зөвшөөрлөө аваад байгаа бөгөөд гуравдугаар сарын эцсээр нислэг үйлдэж эхэлнэ гэж мэдээллээ. Мөн Японы “Japan Airlines” компани зургаадугаар сараас эхлэн нислэг үйлдэнэ гэдгээ албан ёсоор илэрхийлээд байгаа аж.
Түүнчлэн АНУ болон Кувейт, Катар зэрэг улс руу шууд нислэг үйлдэхээр яриа хэлэлцээ хийгдэж байгаа юм байна.
2023 он гарсаар Монгол Улсад 53 мянган жуулчин ирсэн бол гуравдугаар сард 40 мянган жуулчин хүлээн авах зорилт тавиад байгаа ажээ. Жуулчдын тав тухтай байдлыг хангах боловсон жорлонтой болох, шинэ нисэх буудлын даацыг нэмэгдүүлэх яриа хэлэлцээр, нисэх буудлаас тогтмол автобустай болох зэрэг ажлууд үргэлжилж буйг Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд онцоллоо.
Одоогоор БНСУ-ын жуулчид воны картаа Монголд ашиглах боломж бүрдсэн бол БНХАУ-ын жуулчид “WeChat” ашиглан “QPay”-ээр төлбөрөө төлөх системийг нэвтрүүлээд байна.