Австрали улсын их дээд сургуульд зуучлах, бүх төрлийн визний үйлчилгээ үзүүлдэг боловсрол зуучлалын MOZ VISA Servces болон OOGII MOZ VISA агентлагийн захирал Х.Заяатай ярилцлаа. Бидний яриа Австрали улсад сурч, ажиллахаар явж буй хүмүүст олон талын мэдээлэл олж авах боломжтой, тун хэрэгтэй мэдээллийг агуулсан ярилцлага болсон юм.
- Таныг Австралид олон жил ажиллаж, амьдарч байгаа гэж сонссон. Австралид байдаг цорын ганц монгол нотариатч гэдэг юм билээ. Мөн хуулийн чиглэлээр ажилладаг гэсэн. Тэгэхээр юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
- Баярлалаа. Юуны өмнө “Өдрийн сонин”-ы эрхэм уншигчид болон, хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Мөн намайг ярилцлаганд урьсанд баярлалаа. Намайг Ханчиймаагийн Заяа гэдэг. Би 1 дүгээр сургуулийг 1986 онд төгсөөд ОХУ-ын Новосибирск хотод холбооны инженерийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Австралидирээд Victoria University-г олон улсын худалдаа, ложистикийн чиглэлээр мастер, мөн Australian National University-г австралийн цагаачлалын хуулиар төгссөн. Ингээд 2008 оноос үндсэндээ энэ хоёр чиглэлээрээ дагнан ажиллаж байна. Мөн боловсрол зуучлалын MOZ VISA Servces болон OOGII MOZ VISA агентын үйл ажиллагааг хариуцан ажилладаг.
- Тийм ээ, МОЗ виз нь Австралид төвтэй цорын ганц Монгол эзэнтэй боловсрол зуучлалын агент бөгөөд байгуулагдсанаасаа хойш тогтвортой үйл ажиллагааг явуулахдаа Австралийн хууль дүрмийг чанга мөрдөн олон залуусыг Австрали улсад ажиллаж амьдрахад нь мэргэжлийн туслалцаа үзүүлсэн. OOGII MOZ VISA нь манай албан ёсны Монгол дахь салбар бөгөөд маш амжилттай ажиллаж байна. Доктор Г.Батчимэг багш, О.Оюунцэцэг бид хэд агентынхаа үйл ажиллагааг хариуцан ажилладаг гэж ойлгож болно.
- OOGII брэндийн О.Оюунцэцэг, доктор Г.Батчимэг гэсэн хөдөлмөрч, өндөр боловсролтой, нийгэмд байр сууриа эзэлсэн бүсгүйчүүд нэг баг болж ажилладаг гэхээр сайхан санагдаж байна шүү. Та агентынхаа үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Магадгүй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг агентууд цөөнгүй байдаг байх. Тэднээс ялгарах давуу тал нь юу байна вэ?
- Манай давуу тал гэвэл чанарыг эрхэмлэж ажилладаг. Мөн Австралийн хуулиар тавигддаг бүхий л шаардлагыг хангаж ажилладаг. Тиймээс манайхны хэлдгээр зөвхөн мөнгө олохын төлөө ямар ч хамаагүй аргаар хүнээс их хэмжээний мөнгө авч виз авна гэсэн амлалт өгөх гэх мэт ийм хууль бус үйл ажиллагаа явуулдаггүй.
Нөгөө талаараа бусад агентуудаас ялгарах нэг зүйл бол яах аргагүй маш чадварлаг, мэргэжлийн ур чадвар өндөртэй баг бүрдэж чадсан явдал юм. Таны хэлсэнчлэн та бүхний хэдийнээ танил болсон OOGII брендийн Оюунцэцэг нь Австралийн IT компани болох RACKCORP-д, МУИС-ийн багш байсан доктор Г.Батчимэг Австрали улсад химийн шинжлэх ухааны доктороо хамгаалаад одоо Bureau Veritas Australia-д мэргэжлээрээ тус тус амжилттай ажиллаж байна. Мөн Монгол дахь салбарт Англи улсад өндөр боловсрол эзэмшсэн Мөнхзаяа гэж чадварлаг эмэгтэй ажиллаж байна. Манайх Австрали улсад бүх төрлийн сургалтад оюутан залуусыг зуучлан сургадаг бөгөөд тус улсын бүх төрлийн виз, мөн австралийн иргэншлийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлдэг. Үүнд сургалтын, аялал зуучлал, байнгын оршин суух, иргэншил, хүмүүнлэгийн ангилалын виз гэх мэт.
-Австрали руу сурахдаа лицензтэй, өндөр мэргэшсэн боловсон хүчинтэй, хамгийн гол нь сэтгэлтэй агентлагийг сонгох нь чухал-
-Тэгэхээр зөвхөн оюутан гэлтгүй бүх төрлийн визний үйлчилгээн дээр ажилладаг гэсэн үг үү?
- Тийм ээ, оюутны визний үйлчилгээ үзүүлэхээс гадна бусад визний ангилалууд дээр ажилладаг. Амжилтгүй болсон визний өргөдлийг дахин хянуулах, давж заалдах, визгүй хүмүүсийн визний статусыг сэргээх, байнгын визний бусад олон ангиллууд дээр ажилладаг гэж ойлгож болно. Дээр хэлсэнчлэн манайх 2009 онд байгуулагдсанаасаа хойш олон залууст сургуульд зуучлах мөн визний үйлчилгээг үзүүлж ирсэн.
- Австралийн виз болон цагаачлалын асуудлаар зөвхөн лицензтэй хүн зөвлөгөө өгөх эрхтэй байдаг гэсэн. Та энэ талаар товчхон мэдээлэл өгнө үү?
- Австралийн хуулиар нэгдүгээрт өргөдөл гаргагчид виз амлах, хоёрдугаарт тусгай лицензгүй байж хүнд төлбөртэйгөөр визний үйлчилгээ үзүүлэхийг хатуу хориглосон байдаг. Гэвч үүнийг монголчууд маань тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Лицензтэй байхын тулд бид жил бүр сургалтад хамрагдан Австралийн цагаачлалын хуульд гарч буй өөрчлөлтүүдийг судалж, хууль зүйн мэдлэгээ дээшлүүлэхээс гадна шаардлагатай оноогоо авч байж лицензээ сунгадаг юм. Лизензтэй байж би үйлчлүүлэгчийнхээ өмнө хуулийн хариуцлагаа хүлээж явдаг.
- Сүүлийн үед монгол залуус Австралид сурч, ажиллах сонирхол улам ихэсч байна. Зарим хүний хэлж байгаагаар амьдрах өртөг өндөр ч гэлээ ажил хийхэд үнэлгээ өндөр гэдэг юм билээ. Ер нь Австрали улс Монголчуудад хэр нээлттэй вэ. Амьдрах өртөг, ажиллах хөлс бусад орнуудтай харьцуулахад хэр байдаг вэ?
- Австрали бол маш сайхан цаг агаарын нөхцөлтэй, хүний эрх, аюулгүй байдал сайн хангагдсан орон. Энд иргэд тайван амгалан амьдарч, хөдөлмөрөө зохих ёсоор үнэлүүлэн амьдрах бүрэн боломжтой. Тиймээс сүүлийн үед манайхан олноор ирж байна. Австрали бол бусад орнуудтай харьцуулахад амьжиргааны өртөг өндөр, ялангуяа байрны түрээс нэлээд өндөр үнэтэй. Гэхдээ нөгөө талаараа цалингийн түвшин мөн адил өндөр. Мэдээж аль салбарт, ямар ажил хийж байгаагаас шалтгаалан цалингийн хэмжээ харилцан адилгүй. Гэхдээ манай монголчуудын хувьд ажилд сайн болохоор ихэвчлэн үнэлгээ өндөртэй барилгын болон төмрийн хийцийн салбарт олноор ажилладаг.
- Австралид сурахаар очсон залууст ажил хийх боломж хэр олддог вэ?
- Сурахынхаа хажуугаар ажил хийх бүрэн боломжтой. Энд сурч байгаа бараг бүх оюутан хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг. Доктор болон судалгааны ажлаар мастерын зэрэг хамгаалж байгаагаас бусад шатны оюутны визтэй хүн 14 хоногт 40 цаг ажиллах эрхтэй байдаг. Мөн оюутнууд сургуулийн амралтаараа цагийн хязгааргүй ажиллах эрхтэй. Сүүлийн жилүүдэд Австрали дахь монголчуудын тоо эрс өсч байгаа. Манай залуучуудын хэлний түвшин харьцангүй өндөр болсон нь ажиглагдаж байгаа. Хэлний /англи/ бэрхшээл багатай байх тусмаа ажил олдох нь элбэг байдаг. Манай монголчууд ажилд сайн учраас ажил олгогчдын хувьд монгол ажилтан авах сонирхолтой байдаг. Монголчууд энд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж чадаж байгаа учир ажилдаа ч хариуцлагатай ханддаг.
- Ер нь Австралид сурах ч юм уу, гэр бүлээрээ ажиллаж амьдрах сонирхолтой монгол залуус их байгаа байх. Виз мэдүүлэхэд хамгийн гол тавигддаг шаардлага нь юу байдаг вэ. Хэлний мэдлэг болон санхүүгийн хувьд ч гэдэг юм уу?
- Санхүүгийн чадавхи болон зөвхөн сурах зорилгоор Австрали явах гэж байгаагаа харуулж чаддаггүй нь их ажиглагддаг. Манайхны гол хийдэг алдаа бол дансандаа нэг өдөр их хэмжээний мөнгө хийж байршуулчихаад үүнийгээ би санхүүгийн чадавхитай хүн гэж харуулахыг оролддог. Австралийн цагаачлалын албанаас ийм тохиолдолд таныг тэрхүү санхүүгийн эх үүсвэрээ батлахыг шаарддаг. Мөн англи хэлгүйгээс энд ирж хэл сурах нэрийдлээр маш их цаг алддаг. Болж өгвөл Монголд хэлний мэдлэгээ сайжруулаад ирэх нь зүйтэй. Энд ирж хэл сурахад зарцуулах мөнгө болон цагаа ямар нэгэн мэргэжлээр сурахад зарцуулбал чухал л даа.
- Австралийн визэнд ороод татгалзсан хариу авсан хүмүүс хэдий хэр хугацааны дараа дахин виз мэдүүлэх боломжтой байдаг вэ. Ер нь тийм хүмүүсийн виз дахин ороод гарах магадлалтай юу. Зарим хүмүүс хар тамга даруулсан л бол дахиж ороод нэмэргүй, мөнгөний гарз гэдэг юм билээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
- Ер нь бол визэнд ороод татгалзсан хариу авсан бол давж заалдах буюу дахин хянуулах эрх Австралийн гаднаас орсон өргөдлүүдэд хомс бас зардал ихтэй. Цаг ч их ордог. Аяллын визний шийдвэрийг дахин хянуулж болох юм. Харин оюутны визэнд бол тийм боломж байдаггүй. Баримт материалаа сайжруулаад дахин өргөдөл гаргах эрх бол тухайн өргөдөл гаргагчид бий. Тийм тохиолдол их олон байдаг. Өмнө ньгурван удаа виз мэдүүлээд татгалзсан хариу авсан манай агентад хандаад саяхан визээ амжилттай авсан. Миний дээр хэлсэн мэргэжлийн өндөр ур чадвартай баг гэж хэлээд байгаагийн учир энэ өргөдөл дээрээс харагдаж байгаа байх.
- Аяллын визээр очсон хүн визнийхээ ангиллыг өөрчлөөд сургалтын виз болгох боломж байдаг уу?
- Тусгай хориглосон нөхцөл визэнд чинь тавигдаагүй л бол энэ боломжтой байдаг. Хэрэв Австралид ирээд аяллын визээ солих хүсэлтэй байгаа бол манайд хандаж мэргэжлийн үйлчилгээ авч болно гэдгийг дуулгахад таатай байна.
- Австралид виз нь харласан Монголчууд хэр их байдаг вэ. БНСУ-д бол хараар ажил хийдэг Монголчууд их байдаг ч баригдах юм бол шууд л эх орон руугаа буцаагддаг. Харин Австрали энэ тал дээр ямар бодлого барьдаг вэ?
- Австрали улсад хууль бус буюу манайханы хэлдэгээр хараар байгаа хүмүүс мэр сэр байдаг. Тэд баригдвал түр саатуулах газар буюу Detention center-д саатуулагдаж байгаад Монгол руу буцаагддаг. Хараар амьдарч байгаа хүмүүст мэдээж хэцүү зүйлс их тохиолддог. Наад зах нь л эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хүүхдээ сургууль цэцэрлэгт өгөх, татварын болон бизнес дугаар авч чадахгүй байх жишээтэй. Хууль бусаар оршин сууж байгаа хүмүүсийн хувьд хүмүүнлэгийн болон холбох виз зэрэг маш хязгаарлагдмал виз хүсч, өргөдөл гаргах эрхтэй байдаг. Австралид БНСУ-д байдаг шиг баривчилгаа гэж байнга явагддаггүй ч тус улсын цагаачлалын алба үе үе албан газруудыг шалгах тохиолдол байдаг.
- Та хуульч, нотариатчаар ажиллахын сацуу Австралид өөрийн гэсэн бизнесээ эрхэлдэг гэсэн. Агентаас гадна нууц биш бол та ямар бизнес эрхэлдэг вэ?
- Миний хувьд Австралиас монгол руу тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг. Мөн виз, цагаачлалын бүрэн үйлчилгээ үзүүлдэг. Австралийн лицензтэй цагаачлалын зөвлөгч бас австралийн лицензтэй орчуулагч, нотариат. Орчуулгын чиглэлээр бол бараг 16 жил ажиллажээ. Тээвэр зууч, каргоны үйлчилгээг 10 дахь жилдээ хийж байгаа. Агаарын болон далайн тээвэр монгол руу байнга явуулдаг. Лицензтэй цагаачлалын зөвлөгчийг бол 2009 оноос хойш хийж байна. Товчхондоо иймэрхүү л ажлууд хийж байна.
- Манайхны мэдэж байгаагаар OOGII брэндийн О.Оюунцэцэг өөрийн нэрийн брэндээ амжилттай эхлүүлж Австрали төдийгүй дэлхийн хэд хэдэн улсад салбар дэлгүүрээ нээгээд байгаа. Ер нь Монголчуудын хувьд Австралид бизнес хийх нөхцөл, бололцоо нь хэр байдаг вэ. Өөрийн гэсэн бизнесээ эхлүүлээд амжилттай үргэлжлүүлж байгаа залуус хэр их байдаг вэ?
- Австралид бизнес хийх санхүү болон хуулийн таатай орчинтой. Монголчууд тэнд өөрсдийнхөө бизнесийг эхлүүлэх ихээхэн сонирхол, хүсэл эрмэлзэлтэй болж байгаа нь харагддаг. Одоо манай Сиднейд монгол кофе шоп, хоёр ч оёдолын цех, монгол хоолны газар, тавилгын дэлгүүр, авто засварын газар, барилгын гүйцэтгэгч хэд хэдэн компани, мөнгөн гуйвуулга гээд олон монгол залуус өөрсдийн гэсэн бизнес хийж байна.
-Тэдэнд Австралийн Засгийн газраас ямар нэгэн байдлаар туслалцаа, дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн орчин байдаг уу. Жишээ нь татварын хөнгөлөлт үзүүлэх ч юм уу…?
- Австралийн Засгийн газраас үзүүлдэг тусламж бол мэдээж улсынхаа иргэн, байнгын оршин суугчдад чиглэсэн байдаг. Татварын орчны хувьд гэвэл татвараас хөнгөлөлт авах эрхтэй байгууллага маш цөөхөн байдаг. Энд “төрөх үнэн, татвар төлөх үнэн” гэсэн үг жинхэнэ утгаараа хэрэгждэг. Гадаадын иргэд Австраличуудтай ижил түвшинд татвар төлдөг.
-Танд байгаа мэдээллээр одоо Австралид хичнээн монголчууд сурч, ажиллаж байна вэ. Тэдэнд тулгамддаг гол асуудал нь юу байдаг вэ. Магадгүй Австрали руу явах сонирхолтой залууст хэрэг болж магадгүй гэдэг үүднээс асууж байгаа юм?
- Австрали улсад ойролцоогоор 6000 орчим Монголчууд байгаас Сидней хотод 5000 орчим байгаа байх. Шинээр ирж буй монголчуудад тулгарч байгаа асуудлууудаас дурдвал хэлний мэдлэг дутмагаас ажил олоход бэрхшээл гардаг. Мөн хэлний бэрхшээл болон хууль эрх зүйн мэдлэг дутмагаас болж хэрэг зөрчилд холбогдох тохиолдол бий. Түүнээс гадна зарим хүмүүс Австралийн аж ахуй нэгж, байгууллагуудатай хамтарч ажиллаад ажил үйлчилгээ үзүүлснийхээ үнэ хөлсийг авч чадахгүй, их хэмжэний мөнгөөр хохирох тохиолдол ихээхэн гарах болсон. Энэ нь хувиараа бизнес эрхлэх арга барил дутмаг, аливаа гэрээ хэлэлцээрээ хуулийн хүрээнд хийгээгүй,ажил гүйцэтгэснээ баримтжуулж авч чадаагүйтэй холбоотой гардаг.
- Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.
Холбоо барих хаяг: Монгол Улс. Улаанбаатар хот. Чингисийн өргөн чөлөө Buziness Tower 19 давхарт SMS төв.
Утас: 99063147, 75776777
Facebook: OOGIIMOZ
Эх сурвалж: Өдрийн сонин Н.ЧИМЭГ