НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хүйсийн тэгш байдал бий болоход дахин 300 жил шаардагдахаар байна хэмээн анхааруулав.
Тэрээр Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Эмэгтэйчүүдийн эрхийн ахиц дэвшил бидний нүдний өмнө алга болж байна. Дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж, тэдний эрхийг хясан заналхийлсээр. Иймд хүйсийн тэгш байдал биднээс улам холдсоор байна. Одоогийн нөхцөлд хүйсийн тэгш байдлыг бий болгоход дахин 300 жил шаардлагатай" хэмээжээ.
Ингэхдээ эхийн эндэгдэл, охидын сургуулийн хоцрогдол, ажил эрхэлдэггүй асран хамгаалагч, хүүхдийг бага насанд нь гэрлүүлэх гэмт хэрэг зэргийг жишээ татжээ.
Түүнчлэн Афганистан дахь Талибанчуудын зөрчлийг дурдсан ч эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж, эсэргүүцлийн бослогыг хүчээр дарж буй Ираныг дурдсангүй.
Энэ үеэр Антонио Гутерриш НҮБ-ын Эмэгтэйчүүдийн комиссоор удирдуулсан хоёр долоо хоногийн хэлэлцүүлгийг зарласан байна. Иран улс өнгөрсөн арванхоёрдугаар сард тус комиссын гишүүнчлэлээс татгалзсан юм.