Гадаад паспортынх нь хугацаа дууссанаас Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудалд саатуулагдаад буй ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын иргэн Боромангнаев Монгол Улсаас орогнол хүсч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүсэлт тавиад буй талаараа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.
Энэ асуудлын талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө.
Тэрээр “ОХУ-ын иргэн хоёрдугаар сарын 23-ны өдөр Хүннү Эйр компанийн онгоцоор Монгол Улсад ирсэн. Гадаад паспортын хугацаа дууссан учир хилийн зурваст зургаа хоносон. Тухайн иргэнийг өнөөдөр 12:45 цагт өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсаас гаргасан байгаа. Манай төрийн байгууллагууд хуулийн хүрээнд ажиллаж, баримт бичгийн зөрчилтэй ирсэн Халимаг иргэнийг улсын хилээр нэвтрүүлээгүй. Хувь хүний хүсэлтээр тухайн иргэнийг хаашаа явсан талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэв.