Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Засгийн газар аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан. Үүнд агаарын тээврийн салбар чухал үүрэгтэй. Монгол Улсаас 2021 онд 30 гаруй улс руу нислэг үйлддэг байсан бол 2023 онд энэ тоог 50 гаруй болгож нэмэхээр агаарын тээврийн хэлэлцээр байгуулан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Монголын болон гадаадын авиа компаниуд Улаанбаатараас 105 чиглэлд нисэх боломжтой болсон.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилсан. Энэ айлчлалын үр дүн эхнээсээ гарч эхэллээ. Тус улс руу үйлдэх нислэгийн тоог болон багтаамжийг нэмэгдүүлсэн. Тодруулбал 7 хоногт 80 орчим өөрөөр хэлбэл өдөрт 11 нислэг Солонгос, Монгол хооронд үйлдэх боломжтой болсон. Ингэхдээ зөвхөн Сөүл хот руу нислэг үйлддэг байсан бол өөр дөрвөн хот руу нисэх боломжийг бий болгосон.
Мөн өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар Катар, Кувет улстай агаарын тээврийн хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурах эрхийг надад олгосон. Өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-д хэлэлцээр байгуулахаар, үзэглэсэн. Ингэснээр АНУ, Монгол хооронд шууд нислэгтэй болно. Монголоос АНУ-ын хүссэн хот руугаа нислэг үйлдэх боломж бүрдсэн.
Энэ онд Австрали, Грек, Унгар, Их Британи, Англи улстай агаарын тээврийн хэлэлцээр хийх бодлого барин ажиллаж байгаа.
Агаарын навигацийн орлого ихээхэн хэмжээгээр буурсан. Тодруулбал 2019 онтой харьцуулахад 2022 онд орлого 5 дахин буурсан. Шалтгаан нь Монгол Улстай хамаарч байгаа зүйл биш. ОХУ-ын нутаг дэвсгэрт хамаарах агаарын орон зайд онгоц нисэхийг хориглосон. Монгол, Орос хоёр хиллэж байгаа. Тэгэхээр Монголоор дамжаад ОХУ-руу нисэх боломжгүйд хүрсэн тул Монголыг тойрч нисдэг болсон. Үүнээс болж орлого буурсан. Өөрөөр, Засгийн газрын бодлого болон олон улсын хоригт орсон зүйл бидэнд байхгүй. Ийм л шалтгаантай" гэв.