“The HU” хамтлагийн тоглолтыг метаверс орчинд зохион байгуулна

“The HU” хамтлагийн тоглолтыг ирэх сарын 30-ны өдөр метаверс буюу олон хэмжээст виртуал ертөнцөд зохион байгуулах гэж байна. “The HU in the Metaverse” тоглолт нь виртуал ертөнцөд болж байгаа дэлхийн анхны рок урсгалын тоглолт болох юм.
“The HU” хамтлаг нь “Хүннү рок” хэмээх хөгжмийн  урсгалыг бий болгосон бөгөөд рок, хүнд металл урсгалыг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад орсон хөөмий, цуур, морин хуур зэрэг Монголын уламжлалт урлаг, хөгжмийн зэмсгүүдтэй хослуулан тоглодог билээ. Монгол соёлыг сурталчлах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “The HU” хамтлагийн гишүүдийг 2019 онд Монгол Улсын Соёлын элчээр томилж, 2020 онд төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор шагнаж урамшуулсан билээ.