Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад оруулж, нүүрсээ зөөж эхэлсэн. Гэхдээ энэхүү төмөр замыг одоогоор БНХАУ-ын төмөр замтай холбоогүй байгаа юм. Холболтын цэгээ тохирсон ч хэрхэн холбох нь одоогоор тодорхойгүй байна. Үүнтэй холбогдуулан “Тавантолгой төмөр зам” ХХК Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), иж бүрэн ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэхээр тендер зарлажээ. Тендерт оролцох хүсэлтэй гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийн материалыг ирэх гуравдугаар сарын 13-ны 11.00 цаг хүртэл хүлээн авах юм байна.