Японы Засгийн газар гадаадын өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдэд виз олгох журмаа хялбаршуулах шийдвэрийг баасан гарагт гаргажээ. Энэ талаар тус улсын Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү мэдээлсэн байна.
Шинэ хялбаршуулсан журмын дагуу ажиллах виз авахын тулд тухайн гадаадын иргэн жилд 20 сая иен буюу 148 000 орчим ам.долларын орлоготой, мөн магистрын зэрэгтэй байх шаардлагатай. Энэхүү шинэ журмыг ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Шинэ шалгуурыг хангасан гадаадын мэргэжилтнүүд түргэвчилсэн журмаар 5 жилийн хугацаатай виз авах бөгөөд виз авснаасаа хойш нэг жилийн дараа байнгын оршин суух хүсэлт гаргаж болох аж. Одоогийн журмаар бол ийм эрхтэй болохын тулд гадаадын мэргэшсэн мэргэжилтнүүд Япон улсад доод тал нь гурван жил ажилласан байх ёстой юм.
Японы Засгийн газар мөн гадаадын иргэн, харьяатын албанаас баталж гаргасан гадаадын нэр хүндтэй их дээд сургуулиудын жагсаалтад орсон сургууль төгсөгчдөд хялбаршуулсан журмаар хоёр жилийн хугацаатай виз олгох, энэ хугацаанд тэд Япон улсад ажил хайх эрхтэй болох шийдвэрийг гаргажээ.