Билгийн тооллын XVII жарны Үзэсгэлэнт болгогч хэмээх харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд зориулан “Монголчуудын уламжлалт цагаан сар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд өнөөдөр нээгдлээ. Үзэсгэлэн гуравдугаар сарын 6-н хүртэл олон нийтэд нээлттэй.
Үзэсгэлэн монголчуудын уламжлалт цагаан сарын үүсэл хөгжил, уламжлалт зан үйл, цээр хорио, өв соёлыг залуус хойч үедээ таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор музейн сан хөмрөгт хадгалагдаж буй уламжлалт хоол хүнс, хувцас, гоёл чимэглэл, тавилга хэрэгсэл, хадаг, цагаан сараар тоглох зарим тоглоом наадамтай холбогдох уламжлалт эд өлөг зэрэг 150 гаруй үзмэрийн цуглуулгаас бүрджээ.
Тухайлбал, нутаг нутгийн онцлог хэв шинжийг хадгалсан галан, дугуй, гавжийн дугуй, ул боовны олон янзын хээ чимэгтэй хэвүүд, хэмжээ, хээ угалз, үсэг, чимэг, өнгөөрөө хоорондоо ялгаатай самбай, даш, сэрж, аюуш, ходоод, соном, баранзад, нанзад, нанжвандан, дашвандан зэрэг хадаг, махны хөлтэй, хөлгүй тэвш зэрэг үзэгчдийн сонирхлыг зүй ёсоор татах олон үзмэр багтсан байна.
Монголчуудын уламжлалт цагаан сар нь хахир өвлийг өнтэй давж, хавартай хавтай сайхан золгож, нэг нас нэмсний баяр билээ. Цагаан сараар хотол олноороо цуглан энх мэндийн хадгаа дэлгэн аав, ээж, ахмад настны тохойг өргөн мэндэлж, бэлэгтэй сайхан үгийг хэлэлцэн хөөрөг зөрүүлэн, элбэг идээ шүүсээр зочин гийчдээ дайлдаг эртний сайхан уламжлалтай.