XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд үргэлжилж байна. "Тарвалин" хийдийн нэрэмжит уламжлалт сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаанд 544 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Малчин сумын харьяат, сумын заан Э. Түмэннасан арав даван түрүүлж, Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, сумын наадмын таван түрүүтэй, “Тэмээ өргөдөг” заан Ш.Эрдэнэбаяр үзүүрлэв.
Их шөвгийн гуравт Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, сумын наадмын таван түрүүтэй заан Энхтайваны Совджамц шалгарлаа. Дунд шөвгийн тавд Өмнөговийн манлай заан Б.Бат-Эрдэнэ, Архангайн Д.Эрдэнэчулуун заан, шөвгийн есөд сумын заан Завханы Ё.Гантулга, Төвийн Б.Отгонбаатар, Булганы А.Ширнэндагва, Сэлэнгийн А.Амархүү нар үлдэв.
Харин сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан бүрд олгодог "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, сумын заан Г.Пүрэвбаатарт, Үнэнч үзэгчдийн нэрэмжит “Дайчин барилдааны шагнал”-ыг үзүүр бөх Ш.Эрдэнэбаярт, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын бөхийн холбооны тэргүүн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын эрүүл мэндийн төвийн дарга, бөхийн хорхойтон А.Ганзориг, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, бизнес эрхлэгч, бөхийн хорхойтон Б.Баатархүү нар тус тус гардууллаа.
Мөн Тарвалин хийдийн нэрэмжит шагналыг Ш.Эрдэнэбаяр заанд олголоо.
Маргааш 16:00 цагаас Ахмад болон өсвөр бөхийн барилдаан болно.