Туркийн аврагчид хүчтэй газар хөдлөлт болсноос 10 хоногийн дараа нурангиас 17 настай охиныг амьд гаргаж авсан байна. Кахраманмарас хотын нурангид 248 цаг дарагдсан 17 настай Алейна Олмезын хувьд гэмтэж, бэртэн хүйтэн цаг агаарт идэж, уух зүйлгүй ийм олон хоног тэсч амьд үлдсэн нь ховор тохиолдолд тооцогдож буй.
Охиныг нурангиас амьд гаргахад хамаатны хүмүүс нь баярлалдан нулимс дуслуулж аврагчдыг тэвэрч талархал илэрхийлсэн байна.
Энэ сарын зургаанд Турк, Сири улсуудад болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 42000 даваад байна. Нурангин доороос цогцсуудыг гаргах ажил үргэлжилж байгаа учир амь үрэгдсэн хүмүүсийн тоо дахин хэдэн мянгаар нэмэгдэнэ гэж албаныхан эмээж буй.