Энэ оны нэгдүгээр сарын 21-ны өдөр Зайсан тойруу, Дүнжингаравын замын зарим хэсэг, ХААИС-ийн зүүн хойд уулзварт хөдөлгөөн зохион байгуулалт хийгдсэн юм. Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнд оруулснаар зарим замын ачаалал буурч, хэвийн тэнцвэртэй үргэлжлэх болжээ. Тухайлбал Зайсан тойруугийн өөрчлөлт, зохион байгуулалттай холбоотойгоор Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ын зүүнээс баруун чиглэлийн нэвтрүүлэх чадвар 28 хувиар сайжирч, Энхтайваны гүүр буюу гол төвлөрлийг урагш задалдаг зорчих хэсэгт 44 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Энэ өөрчлөлт зөвхөн Зайсан тойруугийн замын хөдөлгөөнд нөлөөлөөд зогсохгүй, бусад замд ч мөн эерэг нөлөө үзүүлж байгаа талаар ЗХУТ-ийн Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуу онцолсон юм.
Тэрээр “Зохицуулалт хийхээс өмнө оргил ачааллын үед тухайн замд Тээврийн цагдаагийн албаны найман алба хаагч, нэг автомашинтай, 15-20 цагийн хооронд 25-30 удаагийн таталт хийж, хөдөлгөөн зохицуулалт хийдэг байсан. Харин одоогоор алба хаагчдын оролцоотойгоор огт зохицуулалт хийгдээгүй байна. Хөдөлгөөн зохион байгуулалт хийснээр тогтмол жигд хурдаар зорчилт хийгдэж байгаа үр дүн харагдаж байна. ЗХУТ-өөс аль болох тэнцвэртэй зорчилт хийхээр ажиллаж байгаа юм. Цаашид Зайсан тойруугийн хөдөлгөөн зохион байгуулалтыг илүү их давуу талтай, илүү сайн болгохын тулд 21 хоногийн хугацаанд туршилт, судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд тулгуурлан дараах хэд хэдэн ажлыг хийхээр төлөвлөөд буй.
-Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж ажиллахын тулд хичээл эхлэх болох тарах цагуудад Зайсангийн гудамж, замд байрлах 32 дугаар сургуулийн ойр орчимд “school police”-ийг ажиллуулах
-Ойр орчмын зам дагуух явган хүний гарц тэмдэг тэмдэглэгээг сайжруулж, шинэчлэх, хэрэгцээ шаардлагатай газруудад дахин төлөвлөлт хийх
-Явган хүний зам болон зорчих хэсгийн засвар, сайжруулалтыг хийх
-Нэг чигийн хөдөлгөөнд орсон гудамж, замын дагуу түр болон удаан зогсох хориотой тэмдэг, тэмдэглэгээг байршуулж, хэрэгжилтийг ханган ажиллах
-Тээврийн хэрэгслийн маршрутыг оновчтой төлөвлөж, төлөвлөсөн чиглэлд стандартын дагуу чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна" гэв.
Улаанбаатар хотын гэрлэн дохионы 85-95 хувь нь олон улсын стандартад нийцсэн байдаг бол, үлдсэн хувь нь асах хурдны хувьд гурваас долоон секундын зөрүүтэй байдаж аж. Замын хөдөлгөөний хууль дүрмийн хэрэгжилт болоод уулзвар замын ачаалал, эрэлттэй холбоотойгоор гэрэл, дохион дээр 10-15 хувийн алдагдал гарсан байна.