Олон Улсын зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдис (Moody’s) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В3/ Тогтвортой” түвшинд хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдлээ.
“В3/ Тогтвортой” түвшинд хэвээр үлдээхэд ирэх жилүүдийн эдийн засгийн хүлээгдэж буй өсөлт, Засгийн газрын өрийн удирдлага сайжирч өмнөх үетэй харьцуулахад тогтвортой түвшинд хүрсэн зэрэг нөлөөлсөн байна.
Хамгийн сүүлд 2023 оны нэг сард Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн гадаад өрийн зохицуулалтын арга хэмжээ нь ирэх жилүүдийн санхүүгийн хэрэгцээг бууруулж, өрийг удирдаж болохуйц хэмжээнд хүргэсэн. Түүнчлэн БНХАУ-ын Ковидын эсрэг арга хэмжээ зөөлөрч, Монгол улсын дэд бүтэц, логистик болон уул уурхайн томоохон төслүүд амжилттай хэрэгжиж байгаа нь гадаад валютын орлогыг дахин сэргээх, ДНБ-ийг ирэх жилүүдэд нэмэгдүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлсэн тухай тайландаа дурдсан байна.
Мүүдис агентлаг цаашид манай улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах болон буурахад нөлөөлөх хүчин зүйлсийг дараах байдлаар тодорхойлжээ.
Зээлжих зэрэглэлийг сайжруулахад нөлөөлөх хүчин зүйлс:
• Засгийн газрын гадаад өрийг зохистойгоор удирдах, бууруулах
• Засгийн газрын санхүүжилтийн хэрэгцээг бууруулж, төсвийн удирдлагыг сайжруулах
• Эдийн засгийн өсөлт уул уурхайн салбараас хэт хамааралтай байгаа бууруулж, эдийн засгийг улам төрөлжүүлэх
Зээлжих зэрэглэлийг буурахад нөлөөлөх хүчин зүйлс:
• Засгийн газрын санхүүжилт, зээлийн хэрэгцээ шаардлага ихээр нэмэгдэх
• Засгийн газрын өрийн хөрвөх чадварын эрсдэл
• Макро эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлөхүйц гадаад санхүүжилтийн дутагдал
• Уул уурхайн томоохон төслүүдийг гацаах зэрэг болно гэжээ.
Мүүдис агентлагийн дэлгэрэнгүй тайланг эндээс үзнэ үү.
https://www.moodys.com/viewresearchdoc.aspx? docid=PBC_ARFTL473853