Нийтийн хоолны салбарын орлого 2022 онд ₮1 их наяд давж, өмнөх оноос 16.8 хувиар өсөв

2022 онд нийтийн хоолны салбарын орлого анх удаа нэг их наяд төгрөг давж, өмнөх оноос 16.8 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнд рестораны орлого 55.4 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлсэн байна.

Нийтийн хоолны салбарын орлогын 62.3 хувийг рестораны орлого бүрдүүлсэн бол катеринг үйлчилгээний орлого 137.3 тэрбум төгрөг, кафе 70.9 тэрбум төгрөг, баарны орлого 36.2 тэрбум болж өмнөх оноос тус тус өсжээ. Мөн гуанзны орлого 141 тэрбум төгрөг болж, өмнөх онтой харьцуулахад 50 хувиар өссөн байна.

Мөн 2022 онд Монгол Улс агаарын хилээ бүрэн нээж, жуулчдын тоо өссөнөөр гурваас дээш одтой зочид буудлын орлого 63.9 хувиар өсөж, 266.4 тэрбум төгрөг болжээ. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн хугацааны хамгийн өндөр орлогод тооцогдож байна.

Зочид буудлын салбар 2022 онд нийт дүнгээрээ 382.6 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан нь өмнөх оноос 43.2 хувиар өссөн болохыг Үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ.

Нийт орлогын 69.6 хувийг гурав болон түүнээс дээш одтой зочид буудал, 28.3 хувийг зэрэглэлгүй зочид буудал, амралтын газар, 2.1 хувийг хоёр одтой зочид буудлын орлого бүрдүүлсэн байна.