Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цагаан сарын баярыг угтан нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Хүчит шонхор” захын хонины ууцны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар зарим худалдаа эрхлэгчдэд мөнгөн торгуулийн арга хэмжээ авсан байна.
Хонины ууцны худалдаа эрхлэгчид хэрэглэгчдийн эрэлтийг далимдуулан ууцны хэмжээ, хэмжих нэгж болон түүнд хамаарах үнийн талаар хэрэглэгчид худал мэдээлэл түгээх замаар үнийг хөөрөгдөн худалдаалжээ. Тухайлбал худалдаа эрхлэгчид 37 кг жинтэй хонины ууцыг 46 кг жинтэй гэж худал мэдээлэх, мөн баталгаат жин хэмжүүр байхгүй гэсэн үндэслэлээр үнийн талаарх тодорхой мэдээлэл өгөхгүйгээр худалдаалж байжээ. Энэ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т зааснаар зөрчил гаргасан худалдаа эрхлэгчдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ноогдуулдаг. Иймд иргэд та бүхэн худалдан авалт хийхдээ тухайн бүтээгдэхүүний хэмжээ, хэмжих нэгжийн талаар эрх бүхий байгууллагаас үнэ, ханшийн талаар бодит мэдээлэл авсны үндсэн дээр сонголтоо зөв хийхийг сэрэмжлүүлээ.