Засгийн Газрын зүгээс чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд зориулж, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд нэлээдгүй цаг хугацаа өнгөрч буй. Боловсролын зээлийн сангаас мэдээлснээр өнгөрсөн хугацаанд гадаад болон дотоодын зээл, тэтгэлэгт нийт 989.25 тэрбум төгрөг буюу нэг их наяд төгрөгийг зарцуулжээ. Энэ нь оюутан залууст зээл, буцалтгүй тусламж, тэтгэлэг хэлбэрээр олгогдсон юм.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэхдээ “Боловсролын зээлийн санд хугацаа хэтэрсэн зээлтэй нийт 400 орчим суралцагчийн мэдээлэл бий. Олгосон зээлийн хэмжээ 10 орчим тэрбум төгрөгт хүрэхээр байна. Эргэн төлөлт хийгдээгүй тохиолдолд улсын төсөв алдагдал хүлээхээр байгаа юм. Иймээс Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр сурч төгссөн төгсөгчид төлбөрийн үлдэгдлээ төлж, дипломоо аваагүй тохиолдолд Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл нь байршина” гэлээ.