Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах "Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд эхэлж байна. Зөвлөлдөх уулзалтыг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Зөвлөлдөх санал асуулгын гол зорилго нь социологи, математикийн шинжлэх ухааны аргачлалаар нийт ард түмнийг төлөөлж чадахуйц хүмүүс нэг дээвэр дор цугларч байгааг тэрбээр дурдаад "Та бүхний дотор малчин, эмч, багш нар болон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудын гэх мэт мэргэжил, боловсрол, нас, хүйс, орлогын түвшин харилцан адилгүй нийгмийн бүх давхаргын төлөөлөл байна. Энэ бол улс төрийн зорилгоор үзэл бодлоо илэрхийлдэг цуглаан биш, нийт ард түмнийг төлөөлөл үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх гэж байна. Төрийн хэрэгт оролцож буй иргэдийг мэдлэг, мэдээллээр хангах нь хамгийн чухал.Та бүхэн эхлээд хэлэлцэх гэж буй асуудал, дэвшүүлж асуултын талаар эерэг, сөрөг талтай тэнцвэртэй мэдээллийг авсны дараа асуудалд нухацтай хандаж, асуултаа асууж, санал бодлоо илэрхийлэх ёстой юм.
Ард иргэд төрийн үйл хэрэгт оролцох үйл явц энэ уулзалтаар хязгаарлагдах ёсгүй" гэлээ.
Зөвлөлдөх санал асуулгад оролцох иргэдийг Үндэсний статистикийн хороо статистикийн шинжлэх ухаанд өргөнөөр ашигладаг санамсаргүй түүврийн аргаар сонгож, нийгмийн бүхий л давхаргын төлөөллийг тэнцвэртэй оролцуулсан байна. Нэг дэх шатны санал асуулгыг 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол орон даяар санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс авсан. Хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтад санал асуулгад оролцсон дээрх иргэдээс дахин санамсаргүй түүврийн аргаар 50-иас доошгүй хувийг сонгосон бөгөөд 800 гаруй иргэн Төрийн ордонд болж буй зөвлөлдөх уулзалтад оролцож байна.