Л.Гантөмөр: Төр засгийн буруу бодлого Монгол Улсыг ядуурууллаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, тус намын Эв нэгдлийн ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийж байна. 

Мөн үеэр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр "Өнөөдрийн АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаанаар хэдэн асуудал хэлэлцлээ. Өнгөрсөн хугацаанд иргэдийн амьдрал ямар байсан талаарх судалгааны дүгнэлттэй танилцлаа. Нийт иргэдийн 70 хувь нь ядуу байна гэх судалгааны дүн гарсан. Эндээс харахад, ард иргэд 70 хувийн ядуурлыг ковид эсвэл дайн тулаантай холбож харахгүй байна. Төр засгийн буруу бодлого Монгол Улсыг ядуурууллаа. Тиймээс бид таван зүйл дээр төвлөрч байна. Нэгдүгээрт, энэ 70 хувийн ядуурлыг хэрхэн багасгах вэ гэдэг дээр ажиллана. Ажил, бизнес хийж байгаа хүмүүс залхсан. Бизнес эрхлэгчдийн 60 хувь нь нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд сэтгэл хангалуун бус байна. Мөн ААН-үүд татварын маш том дарамтад оржээ. Тиймээс энэ дарамтаас гарахын тулд бид хэрхэн вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. 

Цаашдаа НДШ-ийг бууруулахгүйгээр явахгүй юм байна. Ажил олгогчид хүн ажилд авахаас зугтах боллоо. Сүүлд батлагдсан шаталсан татварын тухай хуулийг яаралтай зогсоох хэрэгтэй. Тиймээс хямрал, ядуурал бууртал төр хувийн хэвшил рүү очдог байдлыг таслан зогсооё. Төр аж ахуйн нэгжийг дарамталдаг байдлыг зогсоох хэрэгтэй. Ажил хийдэг хүмүүст боломж олгох нь зүй. 

Тиймээс бид өнөөдрийн хуралдаанаар хувийн хэвшлийг дэмжих, ядуурлаас гаргах чиглэлээр бүрэлдэхүүн гаргана. Улмаар ядуурлыг арилгах, бизнес эрхлэх боломж олгоно. Бид цаашдаа эвдэрдэггүй, задардаггүй нам байгуулах ёстой. Ардчилсан нам хамтын удирдлагатай нам болж байна. Хэн нэгний сүүдэрт орохгүй хамтаараа явдаг, нээлттэй нам болно. Бүх хүнийг бид урина, хажиглахгүй. АН гишүүнээ хөөдөггүй нам болно. Олон ургалч үзлийн талбар нь байх болно. Энэ үзэл санаа дээрээ нэгдэнэ. Шударга ёсыг нам дотроо тогтооно. Нам дотор арын хаалга байхгүй. Зүтгэсэн, хөдөлмөрлөсөн, ард түмэндээ танигдсан хүмүүс нь дээшээ явъя. Хаа нэг газраас арын хаалганы хүн орж ирж, мөнгөтэй нь дээш явдаг байдлыг халъя гэж үзэж байгаа" гэлээ.