2023 оноос хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор болсон. Ингэхдээ өрхийн хөрөнгө орлогын мэдээлэлд үндэслэх бөгөөд өндөр орлоготой айл өрхийн хүүхдүүдэд мөнгөн тэтгэмжийг олгохгүй юм. Гэвч иргэдийн мэдээлэл зөрүүтэй байсан бөгөөд өрхийн орлого нь заасан хэмжээнд хүрээгүй зарим өрх хүүхдийн мөнгөнөөс хасагдаад байсан юм. Тэдгээр иргэд энэ сарын 8-ны өдрийг хүртэл өрхийн зөрүүтэй мэдээллээ залруулсан байх шаардлагатайг холбогдох байгууллагаас мэдээлсэн. Улмаар хүсэлтийн дагуу, өрхийн амьжиргааны түвшинг тооцоолж, энэ сарын 16-ны дотор хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох эсэхийг мэдээлэх юм.
Дэрэх хугацаанд нийт 140-150 мянга орчим иргэн мэдээллээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан байна.
ХХҮЕГ-т хүүхдийн мөнгөтэй холбоотой шуурхай баг ажиллаж байгаа аж. Тэд хүүхдийн мөнгө олгох өрхийн оноог шинэчлэн тооцоолж байгаа. Ингэхдээ таван эх үүсвэрийн мэдээлэлд үндэслэж тооцоолж байгаа. Тодруулбал, мэдээлэл шинэчлүүлэх хүсэлт гаргасан 140 мянган өрхийн хүүхдүүдийн тодорхой хувь хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдлаа гэж бодоход өнгөрсөн сард тэтгэмж авсан хүүхдүүд хасагдах магадлалтай. Хүүхдүүдийн 91 хувь л олгох боломжтой учир өрхийн мэдээллийг шинэчилж, оноо тооцоод, амьжиргааны түвшин хамгийн өндөр байгаа есөн хувийг хасна гэсэн үг.
Түүнчлэн, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн журамд нэг өрх жилд нэг удаа хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргах эрхтэй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сард өрхийн орлого, хөрөнгө зэрэг нь өндөр байсан ч дараагийн сар ажлаасаа гарах, цалин мөнгө нь буурсан тохиолдолд нэг удаа хүсэлт гаргаж, амьжиргааны түвшингээ тооцуулах боломжтой юм байна.