Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат ирэх гуравдугаар сарын 13-17-нд болно. Тус сонсголоор Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2500 зээл, түүний зарцуулалттай холбоотой асуудлыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судлах юм. Сонсголын гурав дахь шатанд хэлэлцэх асуудал өмнө нь аудитын хяналт, шалгалтаар орж байгаагүй, олон нийтэд мэдээлж байгаагүйгээрээ онцлогтой.
Түр хорооны дарга Б.Энхбаяр гурав дахь сонсголын талаар "Урмаар тэтгэгдэж аваад Хөгжлийн банкны гурав дахь сонсголынхоо бэлтгэл ажил руу манайхан дайраад орлоо. Гурав дахь сонсгол дан сюрприз байх болно. Учир нь, урьд нь ер шалгагдаж олон нийтэд ил болж байгаагүй Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан гарсан 2500 зээл, түүний зарцуулалтыг ярина" хэмээн цахим хуудсандаа бичжээ.