Газар хөдлөлтөд нэрвэгдсэн Сири, Турк улсуудад аврах ажил дөрөв дэх шөнөө үргэлжилж, амь үрэгдсэн хүний тоо 20000 давлаа. Турк улсад 17200 орчим хүн амиа алдад байгаа бол хөрш Сири улсад нь одоогоор 3162 хүн амь үрэгдсэн нь тогтоогдоод байна.
НҮБ-ын тусламжийн зургаан цуваа ачааны машин Туркээр дамжин Сирийн нутаг дэвсгэр рүү нэвтрэн орлоо. Энэ нь иргэний дайнтай Сири улсад газар хөдлөлт болсноос хойш хүрсэн олон улсын байгууллагын анхны тусламж болж байна. Гэвч тусламжийн цуваанд нуранган доороос хүмүүсийг аврахад нэн түрүүнд шаардлагатай байгаа тусгай тоног төхөөрөмж байхгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа Сирид аврах ажилллагаа явуулж байгаа White Helmets бүлэг твиттер хуудсандаа бичжээ.
Өвлийн хүйтэн цаг агаараас болж нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд дулаан оромж, хоол, унд, эрчим хүч, эмнэлгийн тусламж хүрэлцэхгүй байгаагаас гамшгаас амьд үлдсэн хүмүүс хүмүүнлэгийн хямралд өртөөд байгааг НҮБ болон ДЭМБ анхааруулж олон улсын нийгэмлэгүүдийг тусламжийн хэмжээгээ нэмэгдүүлэхийг уриалсан байна. Түүнчлэн Сири улсад хүрэх аливаа тусламжийг ямар ч хориг зогсоох ёсгүй гэдгийг НҮБ-ын тэргүүн санууллаа.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус Сири улсад өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцахаар болсон байна. Пүрэв гарагт Дэлхийн банк Турк улсад гамшгийн дараах сэргээн босгох ажилд 1.78 тэрбум долларын тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.