Google компанитай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагч, техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцагчдад зориулсан мэдээллийн технологийн хөтөлбөрийг анги бүрийн онцлогт тохируулан хэрэгжүүлэхээр болсон тухай Боловсролын яамнаас мэдээллээ.
Багш нарын ажлын ачааллыг бууруулах, олон системд тайлан шивдэг, программ нь ачаалаа дийлдэггүй байдлыг халах юм байна. Ингэхийн тулд Google-ийн боловсролын болон төрийн байгууллагын дижитал орчныг сайжруулахад чиглэсэн орчин үеийн программ хангамж, шинэлэг аппликэйшнийг нэвтрүүлэхээр болжээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Google компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Жон Вамвакитис, Япон болон Ази номхон далайн бүс нутгийг хариуцсан захирал Колин Марсон нартай уулзаж эдгээр платформыг хэрэгжүүлэхээр ярилцсан аж.
Мөн багш бүрийг компьютержуулах чиглэлээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх, боловсролын чанарыг сайжруулахад дижитал тоног төхөөрөмжийн төсөл хэрэгжүүлэхээр санал солилцсон байна.
Эх сурвалж: БШУЯ