Турк, Сирид болсон газар хөдлөлтөөс хойш гурав хоног өнгөрөөд байгаа бөгөөд хүйтэн байгаа учир хүн аврах найдвар улам багассаар байгаа юм. Сүүлийн мэдээллээр амиа алдагсдын тоо 12 мянга даваад байна. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд нуранги доор хүмүүс байсаар байна гэж ВВС мэдээллээ.
Туркийн сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы засгийн газар гамшигт бэлэн бус байснаас гадна арга хэмжээ авахдаа маш удаан байна гэж шүүмжилжээ. Харин Эрдоган өөрөө гамшиг болсон бүс нутгуудад ажиллаж, нөхцөл байдал хяналтад байна гэж мэдэгдсэн ба ийм хэмжээний гамшигт бэлтгэх ямар ч боломжгүй гэв.
Эхний 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт Туркийн зүүн өмнөд хэсэгт Газиантеп хотоос холгүй газар даваа гарагийн шөнө болсон. Хэдэн цагийн дараа дахин 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.
Олон жил үргэлжилсэн иргэний дайнд өртсөн Сирид байгалийн гамшиг нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Газар хөдлөлтийн улмаас олон барилга байгууламж сүйрсэн бөгөөд эдгээр газруудад аврагчид болон хүмүүнлэгийн тусламж хүрэхэд хүндрэлтэй байгаа аж. Түүнчлэн Туркийн өмнөд хэсэгт Сирийн дүрвэгсэд олон байдаг бөгөөд тэд ихэвчлэн чанаргүй барилгуудад амьдарч байжээ.
"Хил хязгааргүй эмч нар" байгууллагын гүйцэтгэх захирал Натали Робертс ВВС-д өгсөн ярилцлагадаа "Нэг гамшиг дээр нөгөө гамшиг давхцаж байна. Туркийн Газиантепт Сирийн олон сая дүрвэгч тийм ч бат бөх биш сууцанд амьдардаг. Энэ бол гамшигт өртөх шалтгаан болж байна" гэжээ.
Эх сурвалж: ВВС