Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр "Ерөнхий сайдын санаачилгаар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласан тогтоол баталлаа. Авлигатай тэмцэх жил болгон зарласан зорилтын хүрээнд Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарт энэ чиглэлээр хийж болох ажлуудыг албан даалгавар болгож өгсөн. Үүнийг хавсралтаар баталсан. Энэ хүрээнд далд эдийн засгийг ил болгох, олборлох салбарын ил тод байдлыг бий болгох, хилийн үнийг тогтоох системийг бий болгож чадсанаар Монгол Улсын ДНБ-ийг 55 их наядад хүргэх боломжтой гэж үзсэн. Нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам.доллароос дээш гарах боломжтой гэсэн тооцоолол гарсан. Тогтоолын төслийг боловсруулахдаа авлигатайгаа амжилттай тэмцэж үр дүнд хүрсэн улс орнуудын туршлагыг судалсан. Олон улсын туршлагад гурван чухал зүйл байдаг.
Нэгдүгээрт, авлигатайгаа тэмцэх чин хүсэл эрмэлзлэл,
Хоёрдугаарт, олон нийтийн дэмжлэг,
Гуравдугаарт, чадварлаг хууль сахиулах тогтолцоо.
Авлигатай тэмцэх чиглэлээр "Таван Ш" гэсэн үйл ажиллагааг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарт даалгалаа.
Нэгдүгээрт, Шүгэл үлээх үйл ажиллагааг идэвхжүүлэх. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хаврын чуулганаар яаралтай батлуулна.
Хоёрдугаарт, Шүүр хэмээх ажиллагаааг зохион байгуулна. Улс төрийн болон нийтийн албанд ажиллаж байгаа орлогоосоо давсан хэрэглээтэй, орлогоо нотолж чаддаггүй хүмүүсийг ажлаас нь чөлөөлж, шүүрдэн хөөх ажлыг зохион байгуулна. Мөн авлига албан тушаалын хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийн хэргийг шалгах үйл ажиллагааг хүний эрхийн зөрчил гаргалгүйгээр эрчимжүүлнэ.
Гуравдугаарт, Шувуу ажиллагааг зохион байгуулна. Сонсогдох байдал нь хүмүүст содон байгаа байх. Энэ авлига албан тушаалын гэмт хэргээс зугтсан, оргон зайлсан гадаадад байгаа этгээдүүдийг эрх зүйн туслалцааны хамтын ажиллагааны хүрээнд авч ирж шалгана.
Дөрөвдүгээрт, Шилжүүлэн авах ажиллагаа. Энэ бол гадаадад нуусан хууль бус хөрөнгө, орлогыг шилжүүлэн авахыг хэлж байгаа юм. Мөн гэмт хэргийн замаар хураагдсан орлого, эд хөрөнгийг хэрхэн улсын орлого болгож хэрхэн зарцуулах чиглэлээр хууль батална.
Тавдугаарт, Шилэн байх ажиллагааг зохион байгуулна. Энэ хүрээнд төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн засаглалыг оны эхний хагаст сольж сайжруулна. УИХ дээр хэлэлцэх эсэхийг нь дэмжээд буй Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн хуулийг яаралтай батлуулна. Төрийн өмчит компанийн бүр дээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулж ТУЗ, гүйцэтгэх удирдлагыг нь томилно " гэлээ.