Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор дараах байгууллагуудтай холбоотой зээлийн асуудлуудыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судална.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (Дарханы гурил тэжээлийн элеватор)
Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК
Зам, тээвэр хөгжлийн яам – “Шинэ төмөр зам” төсөл
Эдгээр байгууллагуудын зээлтэй холбоотойгоор өнөөдрийн сонсголд 39 гэрчийг дуудсан. Тэдний нэг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга юм. Түүнийг Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК-д Хөгжлийн банкнаас олгосон зээлтэй холбоотой асуудалд гэрчээр дуудсан юм. Анхны сонсголд хүрэлцэн ирээгүй Ерөнхийлөгч асан Х.Баттулга энэ удаагийн сонсголд биечлэн оролцож байна.
Шинжээчийн дүгнэлттэй танилцсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Энэ яг юу нь болохгүй болчихоод байгаа юм бол. Ерөөсөө би ойлгохгүй байна. Монгол Улс газрын баялгаа боловсруулах ёстой гэж ойлгоод УИХ, Засгийн газрын тогтоол он цаг бүрээрээ гарчихсан. Бидний хувьд анхны юм, бид мэдэхгүй шүү дээ. Анх удаагаа боловсруулах үйлдвэр гэдэг зүйл яригдаад би нэлээн гэгээлгээр ажлыг нь хийгээд явсан. Би үүгээрээ бахархдаг, дуусгана ч гэж бодож байна. Энэ ажлыг би өөрөө хариуцвал дуусгаж чадна.
Өнгөрсөн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хугацаанд энэ ажлуудыг хийгээд өнөөдөр Тавантолгойгоос Сайншанд хүртэлх төмөр зам зэрэг янз бүрийн зүйл хийсэн. Өнөөдөр Засгийн газар Сайншандад оруулсан хөрөнгөө үнэлэхэд хоёр тэрбум төгрөг болно. Монгол Улс 34 хувь эзэмшинэ, 66 хувьд нь гадныхныг урьж байна гээд зарлах ёстой шүү дээ. Энэ ажилд таван тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулах ёстой. Засгийн газар 34 хувийг нь санхүүжүүлж үлдсэнийг гадны хөрөнгө оруулалтаар шийдэхээр төлөвлөсөн. Харамсалтай нь, намайг АТГ-аас яг энэ асуудлаар бүтэн жил шалгасан. Баахан хүн аваачиж шоронд хийсэн. 35 мянган га газарт үнэлгээ хийх чинь амар ажил биш. Би Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг баригдах ёстой гэдэг дээр одоо хүртэл итгэлтэй байдаг" гэлээ.