Туркийн өмнөд хэсэг болон Сирийн хойд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо 7800 давж, аврах ажил цаг алдалгүй үргэлжилсээр байна. Цас, бороо орж цаг агаар хүйтэн байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа аж.
Турк улсад 5894 хүн амь үрэгдсэн нь тодорхой болоод байгаа бол хөрш Сири улсад нь 1932 хүн амиа алджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага амь үрэгдсэн хүний тоог 20 мянга хүрнэ гэж эмээж байна.
Түүнчлэн 180 мянга орчим хүн нурангид дарагдсан гэж үзэж байгаа аж. Дэлхийн 70 гаруй орон аврах ажиллагаанд оролцохоо илэрхийлж, эхнээсээ Турк улсад хүрэлцэн ирээд байна.
Гэвч гамшгийн зарим бүсэд аврагчид хүрэлцэхгүй, аврагчид цаг алдаж ирж байгаад оршин суугчид нь бухимдалтай байгаа юм. Нас барсан хүмүүсийн цогцсыг гудамжинд хучин тавьж, ар гэрийнхэн нь сураггүй болсон ойр дотны хүмүүсээ цогцос дундаас хайж байгаа аж.
Орох оронгүй болсон зарим иргэд гудамжинд олдсон тавилга, эд хогшлыг шатаан дулаацаж байгааг эх сурвалж мэдээлж байна. Түүнчлэн гамшигт нэрвэгдсэн хүмүүст хоол хүнс, ундны ус хүрэлцээгүй зарим хүмүүс талхнаас өөр юу ч олж авч чадаагүй гэдгээ ярьжээ. Туркийн Искендерун боомтод гарсан түймрээс болж боомтыг түр хугацаагаар хаасан байна. Үүнээс шалтгаалж гамшгийн бүсэд хүргэх тусламжийн бараа тээвэрлэсэн хөлөг онгоцууд саатахад хүрчээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган гамшигт хамгийн ихээр нэрвэгдсэн 13 сая орчим хүн амыг хамрах арван мужид гурван сарын хугацаатай онц байдал зарлалаа.
Газар хөдлөлтөд сүйдсэн ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй Туркийн Диярбакир хотын эртний цайзын сэргээн засварлах ажилд туслана гэдгээ ЮНЕСКО-гоос мэдэгдсэн байна.