Засгийн газар ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Тэрээр "Туркийн өмнөд хэсэг болон Сирийн хойд хэсгийн хил залгаа бүс нутагт 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж олон мянган хүний амь нас эрсдэж, олон арван мянган иргэд бэртэж гэмтсэн харамсалтай үйл явдалд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар анхаарлаа хандуулж УОК, холбогдох яамны сайд, мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон бусад албаны хүмүүстэй зөвлөлдөж Турк, Сири улсад албан ёсны дэмжлэг туслалцаа үзүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд оруулж танилцууллаа. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг албан ёсоор танилцуулъя.
Онцгой байдлын эрэн хайх аврах албаны 20 хүн, эмнэлгийн тусламж үйлчилгээний эмч, сувилагчийн баг нийлсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг илгээх бараа бүтээгдэхүүнийг дэмжлэг туслалцааг хүргэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Тус улсуудад цаг агаарын нөхцөл байдлын улмаас дулаан хөнжил гудас майхан, хувцас, хоол хүнс, лаа зэрэг хэрэгцээтэй шаардлагатай бүхий л бараа бүтээгдэхүүн хэрэгтэй байна гэдгийг холбогдох албаныхан бидэнд мэдээлж байна. Ийм учраас зохих шийдвэрүүдийг гаргаж дээр дурьдсан бараа бүтээгдэхүүнийг тусламжаар олгохоо шийдвэрлэлээ. Ингээд ГХЯ-ны шугамаар тус улсуудад бараа бүтээгдэхүүний дэмжлэгийг хүргэж, хүмүүнлэгийн тусламжийг хүргүүлнэ. Аврах багийн бүрэлдэхүүн онгоцны зөвшөөрөл гармагц тусгай үүргийн нислэгээр өнөөдөртөө багтаж ниснэ. Бэлтгэл ажлаа хангасан. Энэ хүрээнд иргэдэд байнгын мэдээллийг өгч, тухай бүр мэдээллээр хангаж ажиллана. Турк улсад байгаа Монгол Улсын хоёр иргэнтэй холбогдсон. Хорогдох байранд байгаа ямар нэгэн эрсдэл байхгүй гэсэн мэдээллийг өгсөн" гэлээ.