Цагаан сарын баяр ойртож буйтай холбогдуулан бизнес эрхлэгч ААН байгууллагууд, томоохон сүлжээ дэлгүүрүүд үнээ зохиомлоор хөөрөгдөхөөс сэргийлэх хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрээр "Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой олон асуудал бий. Үнэ өртөг, чанар, стандарт. Мөн бараа бүтээгдэхүүний хангалт, нийлүүлэлт, үнийн хөөрөгдөл зэрэг асуудал бий. Лангуу болон кассын үнийн зөрүү, зарим сүлжээ дэлгүүрүүд нийлүүлэгчтэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулахдаа илүү хямд үнээр авах зэрэг дээр ямар арга хэмжээ авч байгаа зэрэг компанит ажлуудыг хийж эхэлсэн. Түүнчлэн гадаадаас орж ирж буй бүтээгдэхүүний ердөө 10 гаруй хувьд нь баталгаажуулалт хийж байна гэх тооцоолол бий. Тиймээс импортоор орж ирж байгаа болон дотоодод үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүнд стандарт мөрдүүлэх тал дээр ШӨХТГ анхаарах хэрэгтэй" гэв.
Мөн үеэр ШӨХТГ-ын зүгээс "Хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ШӨХТГ зөрчлийн хуулиар торгууль, шийтгэл оногдуулдаг. Мөн давамгай байдалтай ААН үнийг хөөрөгдүүлэх зэрэг асуудалд шийтгэл, торгууль оногдуулдаг. Харин үр дагаварыг арилгаагүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах, нэгтгэх зэрэг ажлыг гүйцэтгэдэг. Бид хуульд заасан хэм хэмжээний хүрээнд ажилладаг. Хэрэглэгч чанар, аюулгүй байдлын стандартад нийцсэн бүтээгдэхүүн хэрэглэх учиртай. Тиймээс стандартыг мөрдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна" гэсэн мэдээлэл өглөө.