Виртуал хөрөнгө буюу койн, токены улмаас хохирсон иргэдтэй холбоотой асуудлаар болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн талаар ЦЕГ болон СЗХ-ноос мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар "Койн, токен, виртуал хөрөнгөтэй холбоотой 468 хэрэг шалгагдсан талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Мөн дөрвөн иргэн нь виртуал хөрөнгө гаргаад, хөрөнгө татан төвлөрүүлсэн этгээдүүдтэй холбоотой гэдгийг мэдээлсэн. Тэгвэл энэ тоо долоо болж өөрчлөгдсөн. Нийт шалгагдсан 471 хэргийн 86 нь гадаадын крипто валюттай холбоотой хэрэг байна. Харин 80 хувь нь дотоодынх байна.
Одоогоор койн, токен татан төвлөрүүлсэн нийт 64 этгээдийг шалгаж байна. Эдгээр байгууллагууд хөрөнгөө хэрхэн татан төвлөрүүлсэн талаар судлана. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Зарим койн, токен гаргасан хүмүүсийг шалгаад, заримыг нь шалгахгүй байна гэх асуудал яригдаад байна. Бүгдийг нь шалгаж, хуулийн хариуцлага тооцно" гэлээ.
СЗХ "Сүүлийн хоёр жил койн тойрсон асуудал манай улсад үүссэн. 2022 онд энэ асуудлыг шийдвэрлэх хууль баталсан. Хуулийн дагуу Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх 12 этгээдийг бүртгэсэн. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль үйлчилж эхэлснээс хойш виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэсэн. Энэ хуулийн хамгийн гол зохицуулалт нь виртуал хөрөнгө зохицуулсан хууль биш. Харин Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хяналт, шалгалтыг зохицуулах хууль юм. Энэ хуулиар олон нийтээс хувийн дансандаа хөрөнгө татах асуудал зогссон. Өнөөдрийн байдлаар дэлхийн аль ч улсад энэ төрлийн харилцааг зохицуулаагүй байдаг" гэлээ.