Сангийн яам Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Төсөв, санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл”-ийн хүрээнд “Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг-IX” чадавх бэхжүүлэх сургалт, хэлэлцүүлэг энэ сарын 01-03-ны өдрүүдэд болж байна.
Хэлэлцүүлгийн үеэр Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багш доктор, профессор Л.Отгонтуяатай ярилцлаа.
-Монгол Улсын засаглал, тогтолцооны асуудал төсвийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлж ирсэн бэ. Сүүлийн жилүүдэд үүнийг засах шаардлагатай гэж ярьж байгаа. Энэ гажуудлууд засагдаж байгаа юу?
-Засаглалын чиг үүрэг хэрхэн хэрэгжиж байгаа нь төсвөөр дамжиж харагддаг. Төсвийн хөрөнгө оруулалт төдийгүй, төсвийн урсгал зардлынхаа хүрээнд ч бид засаглалаа сайжруулах, засаглалын үр нөлөөг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа. Төсвийн хөрөнгө оруулалтын хувьд нэлээд үрэлгэн, үр ашиг багатай, эсвэл хэт их төсөвт өртөгтэй, олон жилээр сунжирдаг ийм дутагдалтай талууд нэлээд бий. Энэ болгон төсвийнхөө хөрөнгө оруулалт, үр ашгийг нэлээд бууруулж байгаа. Энэ талаасаа төсвийн шинэчлэлийг манай улс 2003 оноос эхлүүлсэн. 2013 оноос дараагийн үе шатаа эхлүүлсэн. Одоо ч бид төсвийн шинэчлэлийн дараагийн үе шат руугаа шилжиж байна. Үүнд ахиц дэвшлүүд байна. Ялангуяа төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухайд харьцангуй олон улсын нийтлэг жишиг рүү нийцэх, Дэлхийн банкны төслийн хүрээнд засаглалаа сайжруулах, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхтэй холбоотой гол хийгдсэн алхам бол төсвийн хөрөнгө оруулалтын цахим системийг бий болгосон. Эхний жилүүдэд мэдээллийн баазуудаа бүрдүүлж, төсвийн захирагч нараасаа мэдээллийг нь оруулж байна. Түүндээ шинжилгээ хийх эхний алхмуудаа хийж байна. 2022 оны сүүлээр төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийнхээ системийг цахимжуулсан.
2023 онд дуусаагүй хөрөнгө оруулалтуудаа буюу 12 жил үргэлжилсэн сүүлийнх нь 2-3 жил бүрэн санхүүжилтээ аваагүй төслүүдээ дуусгахаар 2,9 их наяд төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Үүнээс 86 хувь нь 2023 ондоо дуусна гэдэг төлөвлөгөөтэй. Шинээр хийгдсэн 6-7 хөрөнгө оруулалт нь шинэ сэргэлтийн бодлогыг дэмжихтэй холбоотой хөрөнгө оруулалт болж байна.
2024 оны төсвийн хөрөнгө оруулалтуудаасаа эхлээд бид хөгжлийн бодлоготойгоо Алсын хараа 2050 Шинэ сэргэлтийн бодлого түүнчлэн дунд хугацааны 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газар болон Засаг даргын хөтөлбөртэйгөө уялдуулж жилийн төлөвлөгөө, төсвөө уялдуулах боломжууд бүрдэж байгаа.
-Судлаачийн хувьд төсвийн үрэлгэн байгаа байдал нь юутай холбоотой вэ. Засаглал дээрээ байна уу, тогтолцоо дээр байна уу?
-Засаглал болон тогтолцоонд аль алинд нь байгаа. Засаглал талаасаа шийдвэр гаргагчид юунд анхаарах вэ гэдэг дээр сая суурь үндэслэл нь харагдаж байгаа байх. Харин тогтолцооны талаасаа 30 гаруй жил Сангийн яаманд оруулж тэндээс нь байгаа боломжит мөнгөндөө хувааж, хуваарилсаар ирсэн. Энэ нь хөглийн бодлоготойгоо уялдахгүй тухайн үеийнхээ гал унтраах байдалтай УИХ-ын гишүүд, төлөөлөгчдийн саналыг тусгасан байдалтай болж өгвөл хэл ам гаргахгүй байдлаар хуваарилж ирсэн нь төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг бууруулах гол нөхцөл нь болж байгаа. Үүнийгээ бид урт хугацааны бодлого дунд, богино хугацааны бодлогууд төсөвтэйгөө уялдуулах алхмуудыг хийж эхэлж байгаа учраас энэ жилээс цахимжуулан улс төрчид болон шийдвэр гаргагчдын нөлөөлөл багасаад ирвэл тооцоо судалгаатай улс орны хөгжлийн бодлоготой уялдаад ирвэл төсвийн зарлага цэгцрэх боломж бий болно гэж үзэж байгаа.
-Сууриасаа эхлээд зөв байж улс орны эдийн засгийн асуудал цэгцрэх байх. Эрх мэдлийн өөр харилцан зөрчилдсөн байдал үүнд нөлөөлж байгаа харагддаг.
-Тантай санал нэг байна. Яагаад гэвэл сая нийт оролцогч нар танилцуулсан төсвийн хөрөнгө оруулалтын үндсэн 8 үе шатын суурь нь хөгжлийн бодлоготойгоо уялдуулж төсвийн хөрөнгө оруулалтаа төлөвлөх явдал юм. Гэтэл бид тэндээ тогтолцооны шинэчлэлийг бүрэн хийж чадаагүй байсан. Яг эндээс дараа дараагийн бүх үе шатууд хамаарна.