Иран улс нийслэл хотынх нь бэлгэ тэмдэг болсон “Тегераны хаалга” буюу Азади цамхгийн дэргэд бүжиглэсэн залуу хосод 10 жилийн хорих ял оноожээ. 22 настай Астиаж Хагиги 22 настай сүйт залуу Амир Мохаммад Ахмадийн хамтаар бүжиглэсэн бүжгээ Инстаграмдаа байрлуулсан нь эрх баригчдынх нь хараанд өртжээ.
Ирандаа алдартай блог хөтлөгчдийг олон нийтийн газар садар самууныг сурталчилж, үндэсний аюулгүй байдлыг зөрчих зорилгоор цугларалт зохион байгуулсан хэрэгт буруутай гэж үзжээ. Тэдний бүжиг Иранд өрнөж буй жагсаалтай холбоотой улс төрийн ямар нэгэн уриалга агуулаагүй тэврэлдэн эргэлдэж буй энгийн бүжиг аж.
Гэхдээ бүсгүй нь толгойн алчуургүй байсан бөгөөд Иранд хэрэгжиж буй исламын хуулиар эмэгтэйчүүдийг олон нийтийн газар бүжиглэх, тэр тусам эрэгтэй хүнтэй бүжиглэхийг хориглодог юм байна.
Түүнчлэн залуу хос улс төрийн томоохон ач холбогдолтой Азади цамхгийн өмнө бүжиглэсэн нь асуудал үүсгэх бас нэгэн шалтгаан болжээ. Тус цамхгийг 1970-аад оны эхээр Ираны шах Реза Пехлевийн үед босгосон бөгөөд Исламын хувьсгалын дараа нэрийг нь өөрчилсөн байна.