Д.Тогтохсүрэн: Ээлжит бус чуулган зарлахгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгсөн. Үүнтэ холбоотойгоор Ерөнхийлөгчийн хориг, Ж.Мөнхбат гишүүний хүсэлтийг хэлэлцэхээр ээлжит бус чуулган хуралдах уу хүлээлт бий болоод байна. Үүнтэй холбогдуулан сэтгүүлчид УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс байр суурийг нь сонслоо.

Тэрээр "Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн юм байна. Бид өнөөдөр л мэдээлэл авлаа. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ. Ж.Мөнхбат гишүүнийг чөлөөлөх эсэхийг чуулган шийднэ. Ээлжит чуулган эхлэхээр энэ асуудал яригдах байх.

Ерөнхийлөгчийн хоригийн тухайд ээлжит бус чуулган хуралдахгүй. Хаврын чуулганаар хоригийг хэлэлцэнэ. Дэгийн хуулиар чуулган эхлээд эхний тав хоногт багтааж хоригийг хэлэлцэнэ. Хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхтэй холбогдуулаад бүлгээр хэлэлцэнэ. Бүлэг хурлаараа хэлэлцэж байж албан ёсны шийдвэрээ гаргана. Тийм учраас одоогоор хоригийг хүлээж авна, авахгүй гэж хэлэх боломжгүй байна" гэлээ.