Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сайдын “Facebook компанийн Азийг хариуцсан захирал ноён Жорж Чентэй уулзаж, манай яамнаас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо” гэсэн жиргээг Жорж Чен үгүйсгэсэн. Ингэхдээ тэрээр “Худлаа. Бид зөвхөн хуулийн төслийг батлагдсаны дараа л харсан” гэж хариу бичсэн юм. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбар өгөхдөө "Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь халж өгөөч гэсэн албан бичгийг ирэх нэг дэх өдөр Facebook компани руу явуулах гэж байгаа. Тэр хүн надтай өнгөрсөн есдүгээр сард уулзсан. Уулзаад хуулийн орчуулгаа өгсөн. Хамтарч ажиллая гэсэн. Арванэгдүгээр ажлын хэсгээ ирүүлье гэсэн. Гэтэл намайг хамгийн худалч хүн гэж хэлсэн байна лээ. Надтай уулзсан ярианых нь проткол байгаа. 2:30 минутын ярианы бичлэг. Мань хүн бүр айхтар айхтар юм ярьсан байгаа.
Намайг худалч гэж хэлсэн нь хамаагүй. Туурга тусгаар улсын төрийн яамыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илтэд гүтгэж дайрах нь байж болохгүй зүйл.
Хоёрдугаарт Facebook компани улс орны дотоод хэрэгт оролцох ёсгүй. Гэтэл оролцохын дээдээр оролцсон. Төрийн зарим албан хаагч руу дарамталсан имэйл явуулсан. Тиймээс эхний ээлжид Жорж Ченийг ажлаас хал, надаас уучлалт гуй гэсэн албан бичгийг явуулна. Надтай уулзсан ярианых нь протколыг бүгдийг нь хавсаргана. Хэрэв уучлалт гуйхгүй бол би шүүхэд хандана" гэлээ.