Сангийн яам Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Төсөв, санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл”-ийн хүрээнд “Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг-IX” чадавх бэхжүүлэх сургалт, хэлэлцүүлэг 2 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд болох юм.
Энэ удаагийн сургалт семинараар төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, үр ашиг, хяналтын асуудлын одоогийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар хэлэлцэж, 2023 оны төсвийн тухай хуулиар батлагдсан төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэнэ.
Мөн төсвийн хөрөнгө оруулалтын аргачлал, цахим системийн талаар түлхүү хэлэлцэн оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, сайн туршлагаа хуваалцах юм.
Ес дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээнд УИХ-ын тамгын газар, 16 яам, агентлагууд, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Үндэсний аудитын газар, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт хариуцсан албан хаагчид нийт 350 гаруй хүн оролцож байна.