Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан шуурхай ажлын хэсэг Хан-Уул дүүрэгт хуралдаж шийдвэр гаргажээ. Тус дүүргийн 11, 15-р хорооны нийт 14 байрны зоорийн давхар буюу В1 давхарууд их хэмжээний ус хөрснөөсөө нэвчиж цахилгааны утсанд чийг өгсөн учир тогыг бүрэн хязгаарлаж болзошгүй эрсдлээс сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм.
НОБГ, ХУД-ийн Онцгой байдлын хэлтэс, ОСНААУГ, УБЦТС, МХЕГ, Хувийн СӨХ зэрэг 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсэг байрнуудад бүрэн үзлэг шалгалт хийж дуусаад байна. Хурлаар B1 давхар, орцны лифт зэргийн тогийг үргэлжлүүлэн хязгаарлаж иргэд, оршин суугчдийн тогийг хэсэгчлэн түр хугацаагаар өгөх шийдвэр гаргалаа.