Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон тус яамны газар, хэлтсийн захирлууд "Монгол Улсын гадаад харилцааны бодлого, үйл ажиллагаа"-ны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Сайд Б.Батцэцэг гадаад улс орнуудад үүссэн нөхцөл байдлын улмаас их гүрнүүдийн аль нэгнийх нь байр суурийг баримтлах, аль нэг талд нь гарах талаар дарамт шахалтууд хөгжиж байгаа орнуудад нэмэгдэж байгаа. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байгааг ярианыхаа эхэнд дурдав.
-Улс орнуудад үүссэн геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалсан шахалтууд Монголд ирж байна уу? гэсэн сэтгүүлчийн асуултад сайд, Геополитикийн нөхцөл байдал бүх орнуудад сорилт бий болгож байна. Мэдээж хөгжиж байгаа жижиг орнуудыг аль нэг талдаа оруулах том гүрнүүдийн бодлого улам хүчтэй болж байгаа. Монгол Улсын хувьд бодитоор тулгарсан ийм бэрхшээл байхгүй. Манай улс хоёрхон хөрштэй, далайд гарцгүй. Хоёр хөрштэйгээ иж бүрэн стратегийн түншлэл буюу харилцааны хамгийн дээд түвшинд харилцдаг, маш сайн ойлголцдог өвөрмөц харилцаатай улс орнууд. Тэгэхээр бидний хувьд бодит байдал дээр дарамт шахалт ирсэн зүйл байхгүй гэж хариулав.
Сайд Б.Батцэцэг, Олон улсын харилцаанд маш их сорилтууд тулгарч байна. Тэнцвэртэй харилцаа хамтын ажиллагаа бидний гадаад харилцааны амин сүнс юм. Энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг бодлогын бүх баримт бичигтээ томъёолж, энэ бодлогоо 2022 онд маш сайн баримталж ажиллалаа. Энэ нь анхнаасаа зөв байж гэдгийг баталсан үйл явдлуудаар дүүрэн он байлаа. Сайдын хувьд гадаад харилцаан дээр гурван зүйлийг онцолж хэлэхийг хүсэж байна.
Нэгдүгээрт, Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан олон тулгуурт гадаад бодлогын зарчим зөв хэмээн дүгнэж болохоор байна.
Хоёрдугаарт, Хоёр хөрш болон гуравдагч хөрш улсуудтай тэнцвэртэй харилцах, НҮБ болон олон улсын байгууллагуудын хүрээнд байр сууриа хадгалж гадаад бодлого үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангахад онцгой анхаарч ажилласан.
Гуравдугаарт, Дэлхийн эдийн засгийн өсөлт бүхэлдээ удааширсан энэ үед бид зөв гадаад бодлого хэрэгжүүлснээр харьцангуй хохирол багатай даван туулах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гадаад харилцааг эрс идэвхжүүлэх шаардлага үүссэн.
2022 ОНД МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГО ИЛҮҮ ИДЭВХТЭЙ, ЭРЧИМТЭЙ ӨРНӨСӨН
2022 онд Монгол Улсын гадаад бодлого илүү идэвхтэй, эрчимтэй өрнөсөн. Манай улс өндөр дээд түвшинд 10 гаруй айлчлалыг хэрэгжүүллээ. Гадаад харилцааны зургаан сайд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монголд айлчлав. Харин өмнөх 30 жилийн түүхийг авч үзвэл жилд дунджаар 2-3 өндөр дээд хэмжээний айлчлал хэрэгжүүлдэг байсан.
-Өндөр дээд хэмжээний айлчлалуудын гол үр дүн, ач холбогдол нь юу байв?
-Манай улсад Гадаад харилцааны сайд нар их цөөхөн айлчилж байсан. Өнгөрсөн онд хойд, урд хөрш болон гуравдагч хөрш улсуудын Гадаад харилцааны сайд нар айлчиллаа. Айлчлал арга хэмжээ бүр тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төлөвлөгөөтэй, дэс дараатай, давтамжтай.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттеришийн айлчлал Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэний 60 жил, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусаа зарласны 30 жилийн ой, Монгол Улс Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиосон жил манай улсад айлчиллаа. Айлчлах үеэрээ “Монгол Улсыг энхтайваны бэлгэ тэмдэг” хэмээн олон улсад нэрлэсэн нь чухал үйл явдал байв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулганы нээлтэд оролцсон. Египт улсын Шарм Эль-Шейх хотод болсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцлоо.
Хэдийгээр улс төрийн нөхцөл байдал амаргүй, урд хөршийн хувьд өндөр дээд хэмжээний айлчлалуудыг танаж байсан үед 2022 онд Монгол Улс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдын айлчлалыг БНХАУ-д үе шаттай хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд БНХАУ-тай харилцах хил боомт, ул стөрийн харилцаа, экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын томоохон шийдвэрүүдийг гаргасан.
Хятад улстай хийх худалдааны хэмжээг ойрын таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэхээр ярилцаж тохирсон. Өмнө нь 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэсэн зорилт тавиад, зорилтдоо хүрсэн. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг Хятадын тал дэмжиж буйгаа илэрхийлж, хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр тохирч, манай талаас ТЭЗҮ-тэй сайн төслүүдийг танилцуулахаар болсон.
Хятад улстай хийх худалдааны хэмжээг ойрын таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэхээр ярилцаж тохирсон. Өмнө нь 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэсэн зорилт тавиад, зорилтдоо хүрсэн.
-ОХУ-тай харилцах харилцаанд хамтын ажиллагааны ямар ахиц дэвшил гарсан бэ?
-2021 онд ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хойд хөршид албан ёсны айлчлал хийсэн. 2022 оны хувьд хойд хөршид үүссэн нөхцөл байдлын улмаас ОХУ-д айлчлал хийх тоо харьцангуй цөөн байгаа. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад айлчилсан. Хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийн түвшинд амжилттай хэрэгжиж байгааг бид нотолсон.
Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах ажлыг эрчимжүүлэх, энэ хүрээнд ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын газар нутгаар дамжих хийн хоолойн төслийн хэрэгжилтийг урагшлуулах талаар ярьсан. Өмнө нь бид хоёр талдаа энэ асуудлыг ярьдаг байсан бол энэ удаа гурван тал ярилцаж, Хятадын талтай ТЭЗҮ-ийг солилцох зэрэг ажлууд өрнөж байна.
Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт 32 төсөл томъёологдсон байдгийн нэг нь гурван улсыг холбосон төмөр зам болон авто замын коридорыг шинэчлэх, ТЭЗҮ боловсруулах ажил юм. Энэ асуудлыг Узбекистаны Ташкент хотод болсон гурван улсын Төрийн тэргүүний уулзалтаар хэлэлцэж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх үр дүнтэй яриа болсон.
МОНГОЛ УЛСЫН ГУРАВДАГЧ ХӨРШИЙН ХАРИЛЦААНД ЯПОН, БНСУ ОНЦГОЙ ҮҮРЭГТЭЙ
-Гуравдагч хөршийн харилцаанд дээр ямар бодлого, арга хэмжээ хэрэгжүүлсэн бэ?
-Гуравдагч хөршийн өндөр, дээд түвшний төлөөлөгчид Монгол Улсыг зорин айлчилж байгаа нь манай улсын нэр хүнд өсөж, бидний баримталж буй гуравдагч хөршийн бодлого, гадаад харилцааны үйл ажиллагаа оновчтой байж ирсний тод илрэл гэж ГХЯ дүгнэж байна. Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсад Төрийн айлчлал хийсэн.
Энэ бол 2010 оноос хойш 12 жилийн дараа хийсэн айлчлал байв. Айлчлалын үеэр хоёр улс хагас зуун жилийн хамтын ажиллагаагаа ирэх 50 жилд хэрхэн үргэлжлүүлэх тухай хэтийн төлөв, хамтарч ажиллах гол зорилтуудаа тодорхойлсон өндөр ач холбогдолтой айлчлал боллоо. Япон улсын Засгийн газраас Монголд 50 мянган мод тарьж ойжуулах төсөл хэрэгжүүлэх болон Монголын 20 мянган залуусыг энэ чиглэлээр сургаж дадлагажуулах, сургагч багш нарыг бэлтгэхээ мэдэгдсэн.
Гуравдагч хөршийн харилцаанд Япон, БНСУ онцгой үүрэгтэй. БНСУ-ын Гадаад хэргийн сайд найман жилийн дараа Монголд айлчилж, 30 жилийн харилцаагаа дүгнэн, ирэх 30 жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, замын зургийг тодорхойлсон. Солонгосын Засгийн газрын бодлоготой уялдуулж тээвэр логистик, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтарч ажиллахаар тохирсон. Мөн Монгол Солонгосын газрын ховор элементийн хамтарсан судалгааны төвийг БНСУ-ын тусламжтайгаар Монголд байгуулахаар тохиров. Тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Ногоон хэрэм” төслийн хүрээнд 45 га газарт мод тарих ажлыг үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Сингапур улсад албан ёсны айлчлал хийсэн. Тус улсын мэдлэгт суурилсан туршлагыг Монголд нутагшуулах чиглэлээр Сингапуртай хамтарч ажиллах талаар санал солилцсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д албан ёсны айлчлал хийсэн. Германтай хамтарч эрчим хүч, тээвэр логистик, уул уурхай, мэдээллийн технологи, ХАА, ой ахуйн салбар, 1000 инженерийг үе шаттай бэлтгэх хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэхээр тохирсон. Мөн зэс боловсруулах үйлдвэр, цахилгаан авто машины техник хэрэгслийн гол түүхий эд болох газрын ховор элементийн хагас боловсруулах үйлдвэрийг Германы тусламжтайгаар Монголд байгуулах судалгааны ажлыг эхлүүлэх яриа хэлэлцээр хийсэн.
Геополитикийн зөрчил, цар тахлын уршгаас үүссэн бэрхшээлээс эдийн засгаа хамгаалахын тулд эдийн засгийн бие даасан байдлаа бэхжүүлэх, харилцан хамаарлаа багасгахад анхаарал хандуулах төлөв улс орон бүхэнд ажиглагдаж байна.
-2023 оны гадаад бодлого олон улсын харилцааны төлөв ямар байна вэ?
-Орос Украины асуудлыг 1945 оноос хойших Европ тивийн хамгийн том зэвсэгт мөргөлдөөн болсон гэж үзэж байна. Кубын хямралаас хойш цөмийн зэвсгийн хурцадмал байдал үүсэх эрсдэл бий боллоо гэж судлаачид үзэж байна.
2022 онд 1930-аад оноос хойш дэлхийн улс орнууд хамгийн өргөн хүрээтэй хориг арга хэмжээнүүдийг авсан. Энэ бүхнээс улбаатай хүнс, эрчим хүчний үнийн өсөлт дэлхий дахиныг хамарлаа. 1980-аад оноос хойших хамгийн өндөр түвшний инфляци гэх мэт олон том сорилтууд хүн төрөлхтөн, улс орнуудын өмнө тулгарсан. Геополитикийн зөрчил, цар тахлын уршгаас үүссэн бэрхшээлээс эдийн засгаа хамгаалахын тулд эдийн засгийн бие даасан байдлаа бэхжүүлэх, харилцан хамаарлаа багасгахад анхаарал хандуулах төлөв улс орон бүхэнд ажиглагдаж байна. Монгол Улсын ГХЯ хоёр хөрш болон гуравдагч хөрш орнуудтай тэнцвэртэй харилцаа, түншлэлээ хадгалж, үндэсний эрх ашгаа нэн тэргүүнд тавьсан стратегийн бие даасан гадаад бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллана.
Засгийн газраас дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн хөгжилд шаардлагатай гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр эрчимтэй ажиллана. Тээврийн салбарыг хөгжүүлэх чиглэлд агаарын болон авто тээврийн салбарын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг бусад улстай байгуулах яриа хэлэлцээрүүдийг үргэлжлүүлнэ.
2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын салбарыг дэмжиж ажиллана. Үүнтэй холбоотойгоор 34 орны иргэдийг Монголд визгүй зорчих шийдвэр гаргасан.
2022 ОНД ХИЛИЙН ЧАНАДАД МОНГОЛ УЛСЫН 762 ИРГЭН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН
-Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр яам ямар бодлого, үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь ГХЯ-ны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг. Өнөөдрийн байдлаар дэлхийн 87 улсад 167 мянга орчим монгол иргэн ажиллаж, амьдарч байна. Энэ тоо ковидоос өмнө 200 мянга байсан. Ковидын үеэр 40 мянган монгол иргэн эх орондоо буцаж ирсэн. 125 мянган иргэн гадаадад хууль ёсоор оршин суудаг. 20 мянга орчим 0-16 насны хүүхэд байна. 46 мянган оюутан суралцаж байна.
2022 оны хоёрдугаар сард Украинд сурч байсан монгол оюутнуудаа эрсдэлтэй байдлаас татан авах, аюул багатай бүсэд нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж, 250 орчим сая төгрөг зарцуулсан. Европын орнууд дахь ЭСЯ-даараа дамжуулан иргэдээ татан авах ажлыг зохион байгуулсан. Ковид, зэвсэгт мөргөлдөөний үеэр ГХЯ бүхий л салбарын үйл ажиллагаанд оролцож идэвхтэй ажилласан жил байв.
Монгол иргэд гадны орнуудад гэмт хэрэгт холбох, амиа алдах, мэдлэг мэдээлэлгүйн улмаас тухайн улсынхаа хууль дүрмийг зөрчих зэрэг эрсдэл цөөнгүй гарч байна.
-Хилийн чанадад суугаа монгол иргэддээ төрийн нэрийн өмнөөс туслах ямар бодлого хэрэгжүүлдэг вэ?
-Хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн талаар сэтгүүлчид маш их асууж, тодруулдаг. Энэ санд 2022 онд 200 сая, 2023 онд 392 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд сангийн зарцуулалтыг ГХЯ хариуцдаг юм. Сангийн хөрөнгөөр гадаадад хүнд нөхцөл байдалд орсон, буцаж ирж чадахгүй болсон иргэдэд туслахад зарцуулах журамтай. Энэ сангаас нэг хүнд олгох зардлын дээд хэмжээ 5 сая төгрөг л байдаг.
Сангийн хөрөнгийг өнгөрсөн жилүүдэд нас барсан иргэдийн шарилыг зөөх, эх орондоо ирэх боломжгүй туйлийн хүнд нөхцөлд орсон иргэдэд туслахад зарцуулсан байна. Энэ сангийн хөрөнгө хүрэлцдэггүй. 2022 онд 55 иргэн 206.3 сая төгрөг зарцуулсан. 2020, 2021 оны төсөв хаанаа ч хүрээгүй учир бид Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага болон бусад хүмүүнлэгийн байгууллагуудаас 3 тэрбум орчим төгрөгийн хандив босгож иргэдээ татаж авсан. 2009-2022 онд нийт 800 иргэнд 2.2 тэрбум төгрөгийн туслалцаа үзүүлсэн байна.
Монгол иргэд гадны орнуудад гэмт хэрэгт холбох, амиа алдах, мэдлэг мэдээлэлгүйн улмаас тухайн улсынхаа хууль дүрмийг зөрчих зэрэг эрсдэл цөөнгүй гарч байна. Долоо хоногт 2-5 зөрчил бүртгэгддэг.
2022 онд Монгол Улсын 762 иргэн гэмт хэрэгт холбогдсон. 144 иргэн хилийн чанадад нас барсан. Өнөөдрийн байдлаар 17 улсад Монгол Улсын 157 иргэн ял эдэлж байна. Ялтан солилцох хэлэлцээртэй улсуудтай яриа хэлэлцээ хийж, иргэн болгоныг эх оронд нь авчрах чиглэлд ГХЯ-ны Консулын газар байнга ажилладаг. Мөн гадаадад ял эдэлж байгаа монгол иргэддээ консулын туслалцаа үзүүлэх, ар гэртэй нь холбох ажлыг тогтмол зохион байгуулдаг.
2022 онд 42.8 сая төгрөгийг хилийн чанадад ял эдэлж байгаа 132 иргэнийг эргэж, бага боловч дэмжлэг туслалцаа үзүүлэхэд зориулжээ.
-2022 онд улс орнууд ковидын хязгаарлалтуудаа сулруулснаар Монгол Улсын хэчнээн иргэн гадаадад зорчсон бол?
-2022 онд манай улсын 558 мянган иргэн гадаадад зорчсон нь өмнөх оноос 47 хувиар өссөн үзүүлэлт юм.
Монгол Улсын иргэд 23 улс руу бүх төрлийн паспортаар визгүй зорчиж байгаа. 26 улс руу дипломат албан паспортаар визгүй зорчиж байна. Монгол Улсад гадны 61 улсын иргэд бүх төрлийн паспортаар визгүй зорчиж байна. Энэ тоо сүүлийн сард 34 улсаар нэмэгдэж 61 болсон.
38 улсын иргэд Монголд дипломат албан паспортаар зорчдог. Монгол Улс визийн хөнгөн нөхцөлтэй бөгөөд бусад улс орнуудаас evisa.mn хаягаар нэвтрэн цахим виз аваад, хил дээр тамга даруулан нэвтэрч болно.
МОНГОЛ ИРГЭДИЙГ БНСУ РУУ ВИЗГҮЙ ЗОРЧУУЛДАГ БОЛОХ САНАЛ ТАВИХААР БЭЛТГЭЛ ХАНГАЖ БАЙНА
-Монголчууд олноор ажиллаж амьдардаг БНСУ руу визгүй зорчих боломжийг нээх талаар ГХЯ хэрхэн ажиллаж байна вэ?
-Аялал жуулчлалыг дэмжих жилийн хүрээнд манай улс олон орныг визээс чөлөөлсөн. Эргээд өндөр хөгжилтэй орнууд руу монгол иргэдийг визгүй зорчуулах тухай яриа хэлэлцээг байнга явуулдаг. БНСУ-тай визийн хөнгөлөлтийн асуудлыг идэвхтэй ярьж байгаа. Удахгүй Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр өндөр дээд хэмжээнд монгол иргэдийг ойрын хугацаанд визгүй зорчуулдаг болох санал тавихаар урьдчилсан бэлтгэл хангаж байна.
2022 оны зургаадугаар сараас эхлэн БНСУ-ын Чежү арал, Яньян нисэх онгоцны буудал дээр бүлэг жуулчдыг визгүй зорчуулах шийдвэр гаргасан. Эхний ээлжинд бид, эмчилгээний зорилгоор явж буй иргэд болон байнга явдаг бизнесийнхэнд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх, визгүй зорчуулаач гэсэн саналаа олон жил тавьж ирсэн. Харин одоо визгүй зорчуулаач гэсэн саналыг Солонгосын талд тавихаар шийдэн ажиллаж байна.
Ажиллах болон амрах визийн харилцан ойлголцлын санамж бичгийг Австрали улстай 2022 оны гуравдугаар сард байгуулсан. Энэ нь жил бүр 18-30 насны 100 хүртэлх тооны залуусыг Австралид ажиллаад, сурах боломжийг бүрдүүлсэн хөтөлбөр юм. 2022 оны долоодугаар сараас эхлэн 264 иргэн хүсэлтээ илгээж, виз мэдүүлсэн. Үүнээс тодорхой шалгууруудыг хангасан 100 иргэн виз авч Австрали улсыг зорьсон. Дараагийн бүртгэл 2023 оны долоодугаар сард эхэлнэ.
Ийм хөтөлбөрүүдийг бусад өндөр хөгжилтэй орнуудад хэрэгжүүлэх замаар монголчуудын сурах, ажиллах сонирхолтой орнуудад ГХЯ-наас саналууд тавьж байгаа. Ерөнхий сайдын Герман улсад хийсэн айлчлалын үеэр мөн энэ саналыг тавьсан. Залуусыг амрах, ажиллах нөхцөлөөр хангах боломжуудын бүрдүүлэхийн тулд санаачилгатай ажиллана.