“Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдийг Богд хааны ордон музейд 2023 оны хоёрдугаар сарын 7-ныг хүртэл хүлээн авч байна. Хөдөө, орон нутгийн оролцогчид “Мандчирын наран” төрийн бус байгууллагын цахим шуудангаар холбогдож, бүртгүүлэх боломжтой аж.
2021 оны нэгдүгээр сараас хойш урласан бүтээлийг оролцуулах бөгөөд нэг уран бүтээлч дээд тал нь гурван бүтээлээр оролцож болно. Шилдгийн шилдэг хоёр бүтээлийг үзэсгэлэнгийн төгсгөлд шалгаруулж, XVII жарны Буян үйлдэгч хэмээх Усан бар жилийн “Хаан бүтээл”, “Хатан бүтээл”-ээр өргөмжилж, алдаршуулах юм.
“Хаан бүтээл” шалгаруулалтад:
Мартагдах дөхсөн уламжлалт хэв маягийг сэргээн хөгжүүлэх оролдлого хийсэн, уран нарийн хийцтэй, өнгө, бэлгэдлийн төгс зохицолтой уран хатгамал, эсгий ширмэл, торгон зураг, зээгт наамлаар урласан бурхан шүтээн, аяганы уут, хөөрөгний даалин, малгай бүс, дээл, гутал хувцас гэх мэт бүх төрлийн бүтээл оролцоно.
“Хатан бүтээл” шалгаруулалтад:
Уламжлалт хэв маягаа шинэ санаагаар баяжуулан хөгжүүлсэн, уран нарийн хийцтэй, өнгө, бэлгэдлийн төгс зохицолтой уран хатгамал, эсгий ширмэл, торгон зураг, зээгт наамлаар урласан бурхан шүтээн, аяганы уут, хөөрөгний даалин, малгай бүс, дээл, гутал хувцас гэх мэт бүх төрлийн бүтээл оролцоно. Шагналын сан 3 сая төгрөг бөгөөд “Хаан бүтээл” хоёр сая төгрөг, “Хатан бүтээл” нэг сая төгрөгийн шагналтай.