Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн, оны эхний Гран При Португал улсын Алмада хотод болоход монголын шигшээ багийн 19 залуу тамирчин зорьсон.
Нийт 12 жинд монголчууд зодоглосноос +100 кг жинд О.Цэцэнцэнгэл хүрэл медаль хүртлээ. Өнгөрсөн оны Загребын Гран При тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тэрээр энэ ангиллын тэмцээнээс анх удаа хүрэл медаль хүртсэн нь энэ юм.
О.Цэцэнцэнгэл хэсэгтээ Ямайкийн Стивен Мүүр, Эквадорын Фредди Фигуэро нарыг ялж шөвгийн наймд Гүржийн Саба Инанейшвилид ялагдсанаар дагаж барилдсан. Дагахад Өмнөд Солонгосын Жа Эгү Ёоун, хүрэл медалийн төлөө Нидерландын Юр Шпайкерсыг ялж медалийн тавцант зогссон.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн -52 кг жинд М.Нандин-Эрдэнэ дагахад Нидерландын бөхөд ялагдсанаар долоодугаар байр эзэлсэн.