Цагаан сар тэмдэглэсэн азиуд руу халдсан этгээд амиа хорложээ

АНУ-ын Калифорни мужийн Монтерей Парк хотод болж байсан Хятадын цагаан сарын баярын үеэр зэвсэгт этгээд гал нээж 10 хүний аминд хүрч, олон хүнийг шархдуулжээ. Тус хотод 60 мянга гаруй хүн оршин суудаг бөгөөд нийт оршин суугчдынх нь 65 хувь нь Ази гаралтай аж. Зэвсэгт этгээд бүжгийн студид гал нээснийхээ дараа хэргийн газраас зугтсан байна.

АНУ-ын цагдаа, тусгай албаныхан хэрэг үйлдэгдснээс 12 цагийн дараа гэмт этгээдийнх гэж үзэж байсан цагаан өнгийн фургон машиныг бүсэлж цонхыг нь хагалан нэвтрэхэд дотор нь байсан этгээд нас барсан байдалтай байжээ. Машинд байсан сэжигтэн этгээд болох 72 настай Ху Кан Тран гэгчийг өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн гэж үзэж байгаа аж.

Орон нутгийн цагаар бямба гарагийн 22:00 цагт халдлага гарах үед олон мянган хүн цагаан сарын фестивальд оролцохоор цугласан байжээ. Ням гарагт үргэлжлэх ёстой байсан баярын арга хэмжээг халдлагатай холбогдуулан цуцалсан байна.