Хаврын баяр буюу Хятадын уламжлалт цагаан сар өнөөдөр тохиож байна. Энэхүү тэмдэглэлт баярыг тохиолдуулан тус улсын эрх баригчид Хятад улс төдийгүй Хонгконг, Макао, Тайваньд байгаа иргэддээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин улиран одож буй Бар жил нь нам, улс орны түүхэнд онцгой чухал жил байсныг онцолжээ. Олон улсын амаргүй нөхцөл байдалтай төдийгүй шинэчлэл, хөгжлийг хэрэгжүүлэх, улс орны тогтвортой байдлыг хангах хүнд хэцүү даалгавартай тулгарсан нам, зэвсэгт хүчин, бүх Хятадын ард түмэн сорилтыг хүлээн авч, нягт нэгдэн хамтран ажиллаж, социалист шинэчлэлийн түүхийн шинэ бүлгийг бичлээ гэж тэрбээр хэлсэн байна.
Энэ бол “COVID-19” цар тахлын эхэн үеэс хойш Хятадын иргэд улс орон даяар чөлөөтэй зорчих боломжтой болсон анхны цагаан сарын баяр бөгөөд тус улсын эрх баригчид өнгөрсөн оны 12 дугаар сард цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалт, хилийн хоригоо цуцалсан билээ.
БНХАУ-ын Цагаачлалын асуудал эрхэлсэн газраас мэдээлснээр, Хаврын баярыг тохиолдуулан Хятадын хилээр орж, гарах хүний тоо 600 мянга орчим байх бөгөөд энэ нь жилийн өмнөх шинэ жилийн баярын үеийнхээс бараг хоёр дахин их юм.
Цагаан сарын баярын амралт эхэлж байгаатай холбогдуулан Хятадад зарим зоогийн газар, банк, дэлгүүр, төрийн байгууллагууд амарч, зөвхөн цагдаа, гал сөнөөгчид болон бусад онцгой байдлын албаныхан үүрэг гүйцэтгэж байна.
Энэ жил Бээжин хотын засаг захиргаа аюулгүй байдлын үүднээс Хятадын уламжлалт шинэ жилийн баярын салют буудуулахыг хоригложээ. Харин Хятадын нийслэлд сүм хийдийн уламжлалт үзэсгэлэн худалдаа болон баярын бусад үйл ажиллагааг сэргээх төлөвтэй байна.
Хятадад цагаан сарыг 15 хоног тэмдэглэж, үүний дараа дэнлүүний баяр эхэлдэг уламжлалтай.